ТӨВ: Энэ жил 15 мянган жуулчин хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-07 16:16:23

Зуунмод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Тус аяны хүрээнд хийсэн болон төлөвлөж буй ажлуудын талаар Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Цээпилээс тодрууллаа.



“Энэхүү аяны хүрээнд Төв аймгийн аялал жуулчлалын холбооны зөвлөгөөнийг 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнөөр аймгийн ИТХ-ын 2021 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн аялал жуулчлалыг 2021-2030 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар зөвлөлдсөн.


Мөн “Улаанбаатар Экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Төв аймгийн аялал жуулчлалын гишүүн, амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж оролцлоо. Энэ үеэр Цайны замын гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлэх ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон маршрутаар “Авто мото аялал болон хүүхдийн аялал” зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид улсын хэмжээнд тус аяны төлөвлөгөө батлагдаж ирсний дараагаар түүнтэй уялдуулан 15 мянган жуулчин авах ажлуудаа илүү нарийвчлан төлөвлөхөөр байна” гэв. 

Холбоотой мэдээ