БАЯН-ӨЛГИЙ: Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгчид Баян-Өлгийд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-08 16:58:25

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW), БОАЖЯ хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн ІІ, ІІІ дугаар үе шатыг 2020 оноос хэрэгжүүлж байгаа.


Энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой ба 2027 он хүртэл 7 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.


Төслийн хүрээнд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа (МАНУТХГХЗ), аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Сум дундын ойн анги, Хөх сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар болон зарим сумдад тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангажээ.


Тухайлбал, МАНУТХГХЗ-нд 217,7 сая төгрөгийн үнэ бүхий 60 төрлийн 926 ширхэг, Хөх сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт 201,6 сая төгрөгийн үнэ бүхий 74 нэр төрлийн 412 ширхэг багаж, тоног төхөөрөмж, хувцас болон тээврийн хэрэгсэл нийлүүлсэн. Мөн аймгийн Сум дундын ойн ангийг Lovol 904 загварын дунд оврын трактор, хөрс боловсруулах анжис, модны нүх ухагч өрөм, борной, далан гаргагч зэрэг 4 төрлийн дагалдах тоног төхөөрөмж бүхий 970 гаруй сая төгрөгийн техник хэрэгслээр хангасан байна. Баяннуур сумын "Нур лар", Булган сумын "Жинст" нөхөрлөлд 19,9 төгрөгийн хүлэмж, услалтын тоног төхөөрөмж, Улаанхус, Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц, Булган, Дэлүүн суманд цахим хурлын тоног төхөөрөмж (80,7 сая) олгоод байгаа аж.


Германы Сэргээн босголт,  зээлийн банкны төсөл хариуцсан менежер Нина Отта, Төслийн багийн ахлах зөвлөх Александр Градел болон БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнууд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III шатны хэрэгжилттэй танилцах зорилгоор энэ долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллав.


Энэ үеэр тус аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл болон байгууллагын дарга нар төслөөс хийсэн хөрөнгө оруулалтуудын ашиглалтын байдал, үр дүн, цаашдын тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. 

Холбоотой мэдээ