ЗАВХАН: 100 жилийн ойн наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай/МОНЦАМЭ/.
Тус аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн тов тодорхой болж баталжээ.
Засгийн газрын
ээлжит хуралдаан 2023 оны зургаадугаар сарын 7-нд болж,
Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долоодугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 1, 2-нд тус тус тэмдэглэнэ.
Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай
хамтатган зохион байгуулна.
Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн
баяр наадмыг 2023 оны долоодугаар сарын 6, 7, Булган аймгийн баяр наадмыг тус
сарын 8, 9, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг
зөвшөөрсөн.
Завхан аймгийн
тухайд долоодугаар сарын 27, 28-ны өдрүүдэд түүхэн 100 жилийн ойгоо
тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.
Түүхэн 100 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллана. Наадмын агуулгыг Завхан аймгийн онцлог, түүх, ёс заншлаас харуулж, уугуул нутгийн онцлох соёлын биет бус өвүүдийг сурталчлан зохиомжилно.
Тухайлбал,
хутагтуудын өлгий нутаг учир тус аймгаас төрөн гарсан хувилгаад хутагтуудын
түүх, оройн дээд Очирвааны хайрхны тухай уртын дуу “Оройн чимэг”-ийг
эгшиглүүлж, хүннүгийн үеийн түүхийг өгүүлсэн зохиомжуудыг үзүүлэх юм. Мөн тус
аймгийн морин хуурчид болон хүүхдүүдийн онцлог үзүүлбэрүүдийг ч үзүүлнэ гэж
аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.