“Toyota” 2027 он гэхэд шинэ үеийн цэнэг хураагуураа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-06-13 12:12:28

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани цахилгаан тээврийн хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн хатуу төлөвт цэнэг хураагуураа  2027 он гэхэд танилцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 


Ийм цэнэг хураагууртай цахилгаан тээврийн хэрэгсэл нь нэг цэнэглэлтээр дор хаяж 1000 км замыг туулах чадвартай байх бөгөөд нэг удаагийн цэнэглэлтэд 10 хүрэхгүй минутын хугацаа шаардагдана гэж онцолжээ. Үүний зэрэгцээ тус компани энэ үзүүлэлтийг 1200 км, алсдаа 1500 км-т хүргэхээр чармайна гэдгээ тэмдэглэсэн байна. 


Түүнчлэн 2030 он гэхэд дэлхий даяар зарагдаж буй автомашиных нь тал орчим хувь нь ийм цэнэг хураагуураар тоноглогдсон байх болно гэж найдаж байна.  


“Toyota” мөн  устөрөгчийн хөдөлгүүрийн технологийг үргэлжлүүлэн хөгжүүлж, нүүрсхүчлийн хийг бууруулах ажлыг иж бүрэн дэмжинэ гэдгээ онцолжээ.


Япон улс устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах болон аж үйлдвэрийн салбараас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийг дахин боловсруулах замаар 2050 гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавиад байгаа юм. 


Холбоотой мэдээ