Самуэль Данаа: Гамшгийн үед итгэлцэл бүхий харилцаа холбоо чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-13 14:55:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” зөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан “Олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах тухай” үндэсний семинараар эрсдэлийг мэдээлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хохирлыг арилгах талаар ойлголтууд, стратегийн талаар туршлага солилцож, багууд тодорхой сэдвээр ажиллалаа.  


Тогтвортой хөгжлийн зорилгын дунд хугацааны үр дүнг дүгнэж буй цаг үед сургалт зохион байгуулсан нь ач холбогдолтой болж байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Тамгын газрын дарга Санжаяа Батяа онцлов. Тэрбээр, “Гамшиг нь аюул осол, үүнд хэр өртөмтгий байх, эмзэг байдал зэргээс бүрддэг. Олон арга замд тулгуурлан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эрсдэлийг бууруулж болно. Гамшгийн улмаас олон хүн орон гэргүй болж, өөр газар шилжин суурьшиж, жил бүр 26 сая хүнийг ядууралд өртөж, 560 сая ам.долларын гарз хохирол учруулж буй статистик бий. Гамшгийн үед тодорхойгүй байдалд үүсдэг тул иргэд ойлголт мэдлэгтэй, бэлэн байдалд байхад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй. Иймд Засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшгийн эрсдэлийг буруулахад хамтран ажиллах шаардлагатай” гэлээ.


НҮБ-ын Засаглалын төслийн албаны Чадавхыг бэхжүүлэх мэргэжилтэн Самуэль Данаа сургалтын үеэр, ковидын үе, Индонезийн газар хөдлөлт, Канадад болсон ойн түймэр зэрэг гамшгийн сургамжаас жишээ болгож дурдаад, гамшгийн эрсдэлийг бууруулахад эрсдэлд суурилсан харилцаа холбоо бий болгох үр дүнтэй аргачлал нь хямралын нөхцөл байдлын үед түүхээ хуваалцах зарчмаар мэдээлэл түгээх нь эрсдэлийг даван туулах нөхцөл бүрдүүлдэг, мөн гамшгийн үед харилцан итгэлцэл бүхий харилцаа холбоог бий болгох нь чухал. Ингэхдээ мэдээллийг айдас хүйдэсгүй, тэнцвэртэй өгөх нь иргэдийн хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлдөг” гэдгийг хэлж байлаа. Цааш нь ярихдаа, “Гамшгийн хамрах хүрээг тухайн түвшинд хамааруулсан арга барилаар мэдээлнэ. Нийтэд нь зарлавал эмх замбараагүй байдал үүсгэх аюултай. Хүн амын албан ёсны хэлээр, тухайн соёлд нь нийцсэн байдлаар, оролцоог хангасан ойлголт мэдлэг бүрдүүлэх ёстой. Эрэн сурвалжлахдаа юуг анхаарах стратегиа олж мэдэх, мэдлэг чадвартай инновацлаг байх, хүн бүрд ижил түвшинд мэдээлэл өгөх, иргэдийн нийтлэг ашигладаг сувгаар тэнцвэртэй мэдээлэх хэрэгтэй. Олон нийтийн харилцаанд тулгуурлан мэдээлэл түгээх нь хамгийн ач холбогдолтой үр дүнтэй арга юм” гэлээ.


Түүнчлэн, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра БНАСАУ-д гамшгийн нөхцөл байдалд ажиллаж байсан туршлагаасаа хуваалцаад, ард иргэд гамшгийн үед хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийнхэнд дуу хоолойгоо хүргэдэг. Онц байдлын нөхцөлд сурвалжлагыг шуугиан тарихгүйгээр ёс зүйтэй, зөв мэдээллийг чиглэсэн бүлэгт хүргэх нь хэвлэл мэдээллийнхний үүрэг гэдгийг тодотгосон юм.  


                              Монголын сэтгүүлчид гамшгийн нөхцөлд ажиллаж ирсэн түүх, сургамж

“Олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах тухай” үндэсний семинарт Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос “Монголын сэтгүүлчид гамшгийн нөхцөлд ажиллаж ирсэн түүх, сургамж”-ийн талаар сонирхолтой илтгэл тавьсан юм.  


Илтгэлд, “Монголд хамгийн өргөн тохиодог гамшиг нь зуд. Зудын эрсдэлийн түүхийг харахад 1944, 1956, 1968 онд Монгол орныг хамарсан их зуд болж, 1944 оны зуд 150 хоног үргэлжилж, 9.2 сая мал хорогджээ. Тухайн үед шууд сурвалжлах бололцоо байгаагүй тул зудын хохирол, эрсдэлийг мэдээлж, хэрхэн сэргийлж, эрсдэл багатай даван туулах тухай сурталчилж байв. 1992-1993 оны өвөл, хавар Баянхонгор, Говь-Алтай аймагт зуд болоход МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газрын гэрэл зурагчин Ц.Батзориг, С.Цацралт тусламжийн багийнхантай газар дээр нь ажиллан, сурвалжилга, нийтлэлээ хүргэж байв. 1990-2002 онд мөн монгол орныг хамарсан зуд жил дараалан болж, 2002 оны өвөл зудын нөхцөл байдалтай танилцахаар НҮБ-ын ажилтнууд, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын сууж явсан Ми-8 нисдэг тэрэг осолдож олон хүн амь эрсэдсэн эмгэнэлт явдал болсон. Энэ ослоор гэрэл зурагчин Ц.Батзориг осолдсон харамсалтай түүх бий.


Харин газар хөдлөлтийн хувьд 1957 оноос хойш хүн ам, нийгэм, эдийн засагт шууд хохирол учруулсан гамшиг болоогүй. Хохирол учруулах хэмжээний газар хөдлөлтүүд ихэнхдээ хөдөө хээр, эзгүй нутагт тохиож байгаа нь гамшгийн эрсдэлийг бууруулдаг.


Гангийн эрсдэл зун тохиодог нь нийтийн анхааралд өртөхгүй өнгөрөх талтай. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг хөндөхдөө товч дурддаг сэдэв ч байж магадгүй. Үер ус, гал түймрийн эрсдэл ч богино хугацаанд түр зуур тохиолдоод өнгөрдөг нь тухайн үедээ мэдээллийн хэрэгслээр мэдээлээд өнгөрөх төдий байна. Гамшиг, онцгой байдлын нөхцөл тэр бүр тохиодоггүй Монгол орны байдал нь хэвлэл мэдээллийнхнийг тийм ч идэвхтэй бус, аливаа гамшгаас сэрэмжлүүлэх, болсон үйл явдлыг дамжуулан мэдээлэх төдий үүрэгтэй болгосон нь нууц биш. Гэхдээ зохих үүргээ гүйцэтгэж буй нь ч олон бий. Ийм нөхцөлд ажиллах харилцаа холбоо, техник, технологийн нөхцөл ч сайжирч, сэтгүүлчдийн харах өнцөг ч өөрчлөгдсөн билээ. Манай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хамгийн сүүлд Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн голомтод ажиллаж, мэдээлэл, сурвалжлага бэлтгэж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Тэр хэрээр сэтгүүлчдийн онцгой байдал, гамшиг ослын үед ажиллах, мэдээлэл бэлтгэх чадавх, туршлага сууж байгаа нь дамжиггүй.


Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн аль алинийх нь гамшиг, онцгой байдлын нөхцөлд ажиллах туршлага дутсан, бэлэн биш байдал ч нөлөөлж байв. Гэхдээ манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн гамшгийн үед ажиллах чадавхыг тодорхой түвшинд дээшлүүлсэн. Тухайн цаг үед эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагааас өдөр бүр тодорхой цагт мэдээлэл өгч, түүнийг хэвлэл мэдээллийнхэн шуурхай, хүртээмжтэй дамжуулж байсан нь цар тахлын тархалтыг нэмэхгүй байхад нөлөөлж, тэр хэрээр эрсдэлийг бууруулах, олон нийтийг ухамсартай харилцаанд оролцоход хөшүүрэг болсон. Мөн сэтгүүлчид нийгмийн үүргээ зохих хэмжээнд биелүүлсэн гэж үзэж байна. Цаашид онцгой нөхцөл байдал, гамшиг ослын үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ажиллах дүрэм журмыг товч, тодорхой гаргах шаардлагатай нь харагдсан. Энэ ажлыг олон улсын байгууллагын дэмжлэгээр, гадны улс орнуудын сайн туршлагыг судлан, үндэсний онцлогтоо тохируулж, холбогдох байгууллага хамтраад, цаг алдахгүй хийх шаардлагатай. Нөгөө талаар төрийн эрх бүхий байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулан, мэдээллийн шуурхай, үнэн зөв байдлыг хангах нь орчин үеийн ил тод, нээлттэй байх шаардлагад нийцнэ гэж үзэж байна.


Өнөөдрийн бидний оролцож буй онцгой нөхцөл байдлыг мэдээлэх, гамшгийн эрсдлийг бууруулах зорилгоор мэдээлэлд суурилсан сурталчилгаа явуулах арга ажиллагаанд суралцах, гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлэх сургалт онцгой ач холбогдолтой, цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байна. Энэ семинар Монголын сэтгүүлчдийн гамшгийн үед ажиллах чадавхыг улам дээшлүүлэхэд түлхэц өгнө гэж итгэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ