ДУНДГОВЬ: Хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-15 14:48:26
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо хуралдаж, зээлийн шалгуурт тэнцсэн 11 аж ахуйн нэгжийн төсөлтэй танилцан эрэмбэллээ.

Аймгийн ХХААГ-аас “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулах зарыг нээлттэй явуулж, энэ оны 2 дугаар сарын 9-нөөс нэг сарын хугацаанд төслийг цахимаар хүлээн авсан. Төслийн шалгаруулалтад 19 төсөл ирснээс 4 шатны шалгаруулалтаар нийт 1,2 тэрбум төгрөгийн зээл хүссэн 11 төсөл тэнцээд байгаа юм.

Дэд хорооны хурлаар аж ахуйн нэгж тус бүртэй уулзаж, төслийн танилцуулгыг сонсон зарим зүйлийг тодруулсны үндсэн дээр төслийн зорилго, хэргэгжих боломж, нийгэм эдийн засгийн үр өгөөж, тогтвортой байдал, бизнесийн туршлага зэргийг оноогоор үнэлж жагсаалтыг гаргасан аж.

Төслүүдийг салбараар нь авч үзвэл, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 2, хүлэмжийн аж ахуйн 1, хүнсний ногооны зоорь барих 3, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх 2, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1, эрчимжсэн мал аж ахуйн 2 төсөл байна.

Төсөл шалгаруулах дэд хорооны шийдвэрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүллээ гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 



Холбоотой мэдээ