Судалгаа: Амьсгалын замын эрхтэнд цагт 16 орчим бичил хуванцар ордог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-16 11:40:07

ВАШИНГТОН. /AIP/. Олон улсын физикчдийн баг анх удаа хүний амьсгалын дээд замаар дамжин өнгөрөх хуванцрын бичил хэсгүүдийн хөдөлгөөнийг судалж, амьсгалын замын эрхтэнд цаг тутамд дунджаар 16 орчим бичил хуванцар ордог болохыг тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт хуванцрын бохирдолтой тэмцэх шаардлагатайг дахин нотолж байна гэж Америкийн физикийн хүрээлэнгийн (AIP) хэвлэлийн алба мэдээлэв.


Тайван ба түргэн амьсгалах үед янз бүрийн хэмжээ (1.6, 2.56 ба 5.56 микрометр), хэлбэр дүрс бүхий бичил хуванцрууд хүний амьсгалын замд орсны дараах хөдөлгөөнийг эрдэмтэд судалжээ. Ингэхдээ амьсгалын замын дээд хэсгээр өнгөрөх бичил хуванцрууд үлдэж байгаа эсэхийг мэдэхийн тулд тооцон бодох шингэний динамикийн загвар боловсруулсан байна. Эдгээр бичил хуванцрын нэлээд хэсэг нь амьсгалын замын зарим хэсэгт, тухайлбал хамрын хөндий болон амны хөндийн залгиур хоолой орчимд үлддэг болохыг тооцоолол харуулжээ. 


Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд судлаачид асар их хэмжээний хуванцар хог хаягдал болон бичил хуванцруудыг гол мөрөн, нууруудаас төдийгүй аварга том "хогон толбо" үүсээд байгаа дэлхийн далай тэнгисийн алслагдсан бүсээс илрүүлсэн. Мөн салхи, хур тунадас, далайн гүний урсгалаар зөөгдсөн бичил хуванцрыг саяхан Марианы хонхроос, Эверест уулын оройгоос олсон билээ. 


Сиднейн Технологийн их сургуулийн ахлах судлаач Мохаммед Исламаар удирдуулсан Австрали, Хятад, Ираны физикчид хүний амьсгалын замын эрхтэнд орсныхоо дараа бичил хуванцрууд "хэрхдэг" болохыг судалжээ. Эрдэмтэд энэ асуудлыг сонирхох болсон нь жилийн өмнө эмч нар хуванцрын бичил хэсгүүд заримдаа амьсгалын замд маш гүн нэвтэрдгийг нотлох анхны нотолгоог олж илрүүлсэн холбоотой ажээ.


Судлаачид цаашид хүний амьсгалын замд тогтож үлдсэн янз бүрийн хэлбэртэй бичил хуванцрууд эрүүл, өвчтэй уушгинд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ