ЖДҮ, бичил бизнесийг дэмжих 10 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-16 11:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ, Инвескор ББСБ ХК-ийн хооронд тогтвортой хөгжлийг дэмжих 10 сая ам.долларын зээлийн гэрээг байгуулав.


Энэ нь Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар шинэ ажлын байр бий болгох зорилготойг АХБ-наас мэдээллээ. Мөн хувийн хэвшилд олгож буй зээл гэдгээр онцлог байна. 


Дээрх зээлийн санхүүжилтийн 5 сая ам.долларыг АХБ өөрийн ердийн хөрөнгийн  эх үүсвэрээс бүрдүүлж, үлдэх ам.долларыг бусад санхүүжүүлэгчдийн эх үүсвэрээс олгоно. АХБ өөрийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг төгрөгөөр олгох аж. Нийт санхүүжилтийн 30 хувиас багагүй хэсэг нь бичил, жижиг, дунд бизнесийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулах юм.   


Банк бус салбарыг дэмжсэнээр бизнес эрхлэгчдэд очих санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.


“Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч (Монгол Улсын ажиллах хүчний 72 хувь, ДНБ-ний 18 хувийг бүрдүүлдэг) хэдий ч бизнесээ тэлэх, эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх зорилгоор зээл авахад хүндрэлтэй тулгардаг. АХБ-наас Монгол Улсын банк бус санхүүгийн салбарыг дэмжсэнээр тэдгээр бизнес эрхлэгчдэд очих санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ ажлын байр бий болгоход түлхэц үзүүлж, цаашлаад эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих юм" хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал Сюзэн Габури хэллээ.

Холбоотой мэдээ