ДУНДГОВЬ: Дэрэн суманд орсон мөндөрт цохигдон олон айл, байгууллага хохирол амсав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-19 17:22:03
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн зарим сумын нутгаар 6 дугаар сарын 18-нд хүчтэй аадар бороо, мөндөр орсныг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлжээ.


Тодруулбал, Дэрэн суманд 34.0 мм, Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгаар 7.0-8.0 мм, Адаацаг, Өндөршил, Эрдэнэдалай сумын нутагт 0.5-0.8 мм, Сайхан-Овоо, Хулд, Өлзийтөөс бусад сумын нутгаар 3.0-4.0 мм аадар бороо оржээ. 


Дэрэн суманд 12-15 минутын хугацаанд орсон ширүүн мөндрийн улмаас сумын сургууль, соёлын төв, төрийн албан хаагчдын байрны гадна тал цоохортож, ихэнх айлын гэрийн бүрээс урагдан, байшингийн дээврийн хар цаас цоорч, хашаа нуржээ. Түүнээс гадна олон айлын машины цонх хагарч, зурагтын антенын дуран хэмхэрч, 10 гаруй хүлэмж цоорч, хүлэмжийн ногоо, шинээр тарьсан моднууд цохигдон хохирол амслаа гэж сумын Онцгой комиссоос мэдээллээ.


Тус сумын төвд 160-аад айл өрх байдаг ба мөндөр сумын төвөөс хойш 3-4, урагш 5 км-ийн радиуст орсон аж. Сумын Онцгой комисс хохирлын хэмжээг тогтоож байгаа аж.

 

Энэ сарын 24-нд тус аймгийн зарим нутгаар мөн дуу цахилгаантай бороо орох ба конвекцийн үзэгдэл зурвас газраар хүч ихтэй ажиглагддаг учраас энд тэнд ус буух, мөндөр орж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ.

Холбоотой мэдээ