БАЯНХОНГОР: Монголын Хүүхдийн спортын зуны VII наадам ёслол төгөлдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-19 22:32:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын нээлтийн үйл ажиллагаа Баянхонгор аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.


Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны зочид төлөөлөгчид, Баянхонгор аймгаас төрөн гарсан алдарт тамирчдын төлөөлөл, аймгийн удирдлагууд, тамирчид, дасгалжуулагчид, Хонгор нутгийн ард иргэд оролцов.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хүүхэд, залуучууд байна гэдэг нь бидний хөгжлийн хүчийг илтгэж байна



Наадмыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Хүүхдийн зөвлөлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, “Аль ч улсын ирээдүй нь энэ цаг үеийн хүүхэд залуучууд байдаг. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хүүхэд, залуучууд байна гэдэг нь бидний хөгжил, бидний ирээдүйн гэрэл гэгээ, хүч нь болж байна” гэдгийг онцлоод, 1980-аад оныхон Ардчиллын эхний жилүүдэд сургуулийн босго алхаж байсан, тэр л үеэс та бүхэн шиг спортын тэмцээн уралдаанд оролцож, хөнгөн атлетикаар 100 метрийн гүйлтийн төрөлд хүч үздэг байсан гэдгээ сэтгэл догдлон хэлж байлаа. 

Үргэлжлүүлэн, “Олимпод оролцож байна гэдэг нь өөрийгөө өдөр бүр ялж чадсан гэсэн үг, ялагч бол хэзээ ч бууж өгдөггүй мөрөөдөгч гэдэг үг бий. Хэзээ ч бууж өгдөггүй мөрөөдөгч гэдэг бол алсын хараатай иргэн байхыг хэлнэ. Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын цөм бол Хүний хөгжил, тэр дундаа хүүхэд залуучуудын хөгжлийн тухай баримт бичиг. Хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун хүмүүжлийн хувьд алсын хараатай ирээдүйн Монголыг бүтээх урам зоригийг бадраах эрхэм зорилготой” гэдгийг онцлон, нийт тамирчид, дасгалжуулагч, залуустаа өөрийгөө ялж, илүү амжилтын төлөө тэмүүлж байгаад талархал илэрхийлж, Монголын ирээдүй та нар минь юм шүү гэв.


Тэмүүжин дуурийн хэсэг наадмын чимэг болов


Нээлтийн хөтөлбөрийн дагуу Төрийн соёрхолт Ц.Чинзориг, хөгжим судлаач Д.Батсүхийн хөгжим, цомнолыг н.Дашдондог, "Тэмүүжин” хүүхдийн дуурийн хэсгээс Баянхонгор аймгийн хүүхэд багачууд толилуулсан юм. 

2000 онд Японы ТВС телевиз, радиогийн групп Тэмүүжин дуурийг бүрэн бичиж, Азийн хүүхдийн Алтан фондод хадгалсан байдаг. Мөн 1990-1991 онд Тэмүүжин дуурийн теле кино бүтээж МҮОНРТ-ийн алтан фондод хадгалуулжээ. 1990 онд Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Тэмүүжин дууриар Төрийн соёрхолт цол хүртсэн түүхтэй аж.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театр нь 1986 онд байгуулагдсан Монголын анхны Хүүхдийн театр юм. 37 жилийн түүхтэй тус театр 30-аад ажилтан, дөрвөн албатай, сургалт, уран бүтээл гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Элч тамирчид наадмын бамбарыг асаав


Баянхонгорынхон Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын элч тамирчнаар Хонгор нутгаасаа төрөн гарсан хоёр тамирчныг онцлон сонгожээ. 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Токио 2020 зуны олимпийн наадмын хүрэл медальт, 2013 оны ДАШТ-ий алтан медальт, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2004 оны Азийн наадмын аварга, 2012, 2017 оны Ази тивийн аварга, 2015 оны Дэлхийн мастерс тэмцээний аварга, Их дуулга тэмцээний долоон удаагийн аварга, Жудо бөхийн Гранпри тэмцээний таван удаагийн аварга, Дэлхийн оюутан залуучуудын зуны универсал наадмын мөнгө, хүрэл медаль, 2010 оны насанд хүрэгчдийн самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Геннисийн амжилтын эзэн Мөнхбатыг Уранцэцэгийг нэгэн элчээр сонгосон байна.


Мөн Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, чөлөөт бөхийн улсын аварга, Улаанбаатар 2023 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга, үндэсний бөхийн УАШТ-ий хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Монгол Улсын начин Энхтүвшингийн Батмагнайг элчээр сонгожээ.


Элч тамирчид наадмын бэлгэдэл болох Мазаалай, Галхүү нараас бамбарыг хүлээн авч, Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын бамбарыг асаав. Ийнхүү бамбар асаах ёслолын дараа ёслолын буудлага хийж, цахим орчинд шинэ давлагаа үүсгэсэн Борзон хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлснээр наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.

 

Баянхонгор хамгийн олон спортын заал танхим, спортын байгууламжтай, бүх сумандаа нийтийн биеийн тамирын аргазүйчтэй цор ганц аймаг


Энэ удаагийн Хүүхдийн спортын зуны VII наадмын анхан шатанд 21 аймаг 9 дүүргийн 43 мянга гаруй тамирчин өрсөлдсөнөөс шилдгийн шилдэг 5000 гаруй тамирчин шалгарч, 6 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор хотноо их наадамд өрсөлдөхөөр болсон юм. Тухайн өдрүүдэд 425 дасгалжуулагч, 328 шүүгч, 100 гаруй сайн дурын ажилтан ажиллана.

Баянхонгор хамгийн олон спортын заал танхим, спортын байгууламжтай, бүх сумандаа нийтийн биеийн тамирын аргазүйчтэй цор ганц аймаг. Тодруулбал, тус аймаг төвдөө спортын 23 заал, Оготнотой булагт 6 төрлийн спортын задгай талбайтай юм.


Хүүхдийн спортын зуны наадмыг Улаанбаатар хотод зургаан удаа зохион байгуулсан бөгөөд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын дагуу төвлөрлийг сааруулахын тулд аймаг, орон нутагт анх удаа улсын хэмжээний наадмыг олон төрлөөр зохион байгуулахаар болсон нь энэ юм. 


Баянхонгор аймаг 2016-2022 оны хооронд бүсийн болон улсын чанартай өсвөр үеийн тав, залуучуудын ангиллаар нэг, насанд хүрэгчдийн гурав, ахмадын нэг тэмцээнийг зохион байгуулж, 9332 тамирчин, дасгалжуулагчийг хамруулсан байна. Мөн “Баянхонгор бага олимп”-ыг гурван удаа зохион байгуулсан зэрэг үзүүлэлтүүдээрээ орон нутгаас анхлан Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмыг аймагтаа зохион байгуулах эрхийг авч чаджээ.







Холбоотой мэдээ