ЗАВХАН: Хүүхдээс хүүхдэд аргачлал үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-20 16:49:53

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Алдархаан сумын ерөнхий боловсролын сургууль хичээлийн жилийн тайлангаа нэгтгэн дүгнэжээ.


“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичгийн хүний хөгжлийн тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тус сум үлгэр жишээ хөрөнгө оруулалтуудыг хийжээ.

Тухайлбал, сургуулийн хөтөлбөрийн менежментийн шинэчлэл хийх, багшийн хөгжил, сургалтын орчин хэрэглэгдэхүүнийг сайжруулахаар 280 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.


Сумын Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуульд түшиглэн насан туршийн боловсролын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж 40 гаруй удаагийн сургалт зохион байгуулсан. 

БШУ-ны сайдын 2023 оны А/01 тушаалаар 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулж, сургуулийн хөтөлбөрийн менежмент хийх, багш нар хамтын хичээлээр арга зүйгээ сайжруулах.

Хичээлийн хэрэглэгдэхүүний санг баяжуулах, хүүхдийн оролцоо, сурах идэвх, урмыг дэмжих.


Сумынхаа сургуульд сурагчид аз жаргалтайгаар сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэхийг тус сургууль гол зорилгоо болгон ажиллажээ.

Алдархаан сумын хувьд аймгийн төвөөсөө 45 км-ийн зайд ойрхон оршдог. Сумын төвийн суурин хүн амын тоо цөөрсөнтэй холбоотой сумын сургуульдаа суралцах хүүхдүүдийн тоо цөөрчээ. Харин сүүлийн жилүүдэд сум орон нутагтаа суурьшиж ажиллаж амьдрах сонирхолтой иргэдээ бодлогоор дэмжиж ажилласны дүнд сумын сургуулийн хүүхдүүдийн тоо нэмэгдэж, сургуулийн сургалтын арга барил, хөтөлбөрийг сайжруулснаар олон үр дүнд хүрсэн аж.


Тухайлбал, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтыг тавьж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэж, багшийн хөгжил, сурагчдын ахиц, амжилтын тайлангаа олон нийтэд тавиад буй юм.

Сургуулийн сурагчид хичээлийн жилийн туршид хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, секц, дугуйлангаар сурч мэдсэн, хувь хүний хөгжилдөө ахиц гаргасан үр дүнгээсээ багш, эцэг эх, асран хамгаалагчдадаа танилцуулж, бүтээлийн үзэсгэлэн, илтгэл, тайлан тоглолтыг үзүүлсэн нь аймагтаа анхдагч болов.   


Мөн багш нараас бага ангийн Монгол хэлний хичээлд бүтэн үгийн уншлагын аргыг, БШУЯ, дэлхийн банкны Бага боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ЕGRA арга зүйтэй хослуулан хэрэгжүүлснээр сурагчдын ойлгон унших. Зөв бичих чадварт хэрхэн ахиц гарч буйг нэгдүгээр ангийн Монгол хэлний хичээлийн жишээн дээр багш Б.Цэцэгмаа үзүүлэх хичээл зааж харуулсан. Түүнчлэн англи хэл,  биологи, хөгжмийн багш нарын үзүүлэх хичээлийг танилцуулсан.


Дээрх боловсролын чанарын шинэчлэлтийн үр дүнд тус сургуулийн бага анги болон дунд ангийн хүүхдүүдийн жилийн эцсийн дүн 65 хувиар дээшилсэн байна.


Тус сургуульд STEAM боловсрол буюу байгалийн ухаан, технологи, инженерчлэл, урлагийн нэгдмэл чадварыг хөгжүүлэх.

Хичээлүүдээр олж авсан чадвараа бодит асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэдэг болохыг зорьж, технологийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг баяжуулан хичээлд ашигласнаар сурагч бүр өөрийн зохион бүтээсэн бүтээлийн сантай болжээ.


Тодруулбал, морин хуур, үкүлеле, калимба хөгжим, гар бөмбөг, англи хэл, найрал дуу зэрэг дугуйланд сургуулийн сурагчид бүрэн хамрагддаг. Жишээлбэл, гар бөмбөгийн секцэд эхний ээлжид хамрагдсан 30 сурагч, дараагийн ээлжийн сурагчдадаа зааж сургах, "Хүүхдээс хүүхдэд" аргачлалыг хэрэгжүүлснээр нийт сурагчдын 70 хувь нь тус секцэд хамрагдаж, анхан шатны техникүүдийг эзэмшин өөрийгөө хөгжүүлсэн байна.


Сургуулийн амралт үргэлжилж байгаа ч гэлээ өнөөдөр тус сургуулийн суралцагч хүүхдүүд үе тэнгийнхэн, бага ангийн суралцагчдадаа гар бөмбөгийн секцийг үргэлжлүүлэн явуулж байна. 

Алдархаан сумын ерөнхий боловсролын 9 жилийн сургууль 100 гаруй суралцагчтай, эдгээрийн 60 гаруй суралцагч англи хэлний хөтөлбөрт хамрагдсан. 


/Алдархаан сумын сургуулийн хүүхэд бүр морин хуурыг тоглож сурчээ/


Суралцагчид Pearson English Connect дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулж байна.

Мөн олон улсын жишгээр багш нарыг орчин үеийн аргазүй, технологи ашиглан бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд сурагчдыг чиглүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болох зэрэг өргөн боломжуудийг нээгээд байна гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ