БАЯНХОНГОР: Ерөнхий сайд зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт болж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт энэ сарын 19, 20-нд ажиллалаа. Өнөөдөр тэрбээр Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцав.
Илүү үр ашигтай, орчин үеийн дэвшилтэт технологи, дэд бүтцийн оновчтой шийдлээр Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг Баянхонгор аймаг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Тус бүсийн ажилтай өнөөдөр Засгийн газрын тэргүүн танилцаж, цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл авлаа.
Шинэ суурьшлын бүсийн сургууль, цэцэрлэгийн цогцолборт 500 орчим хүүхэд СӨБ болон ерөнхий боловсролыг эзэмшиж, 100 гаруй хүүхэд шинэ саруул тохижилттой дотуур байранд амьдарч, орон сууцны хороололд 50 гаруй өрх гал голомтоо бадрааж, 500 орчим айл өрх хашаа, газар эзэмшиж байгаа юм.
Энэ онд 10 км хатуу хучилттай авто зам бүрэн тавигдаж, стандарт хөргүүр бүхий 1000 тоннын мах ногооны зоорь ашиглалтад орж, инженерийн шугам сүлжээгээ тэлж, 140 айлын хаус хорооллыг байгуулах эхлэлийг тавих тухайд аймгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл танилцуулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Шинээр байгуулж буй бүсийн төлөвлөлт зөв байх нь хамгийн чухал үр дүнг авч ирнэ" гээд, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.
Баянхонгор аймаг агаар, хөрсний бохирдлыг бууруулах, айл өрхийг орон сууцжуулах бодлогын хүрээнд улсын төсвийн 25.7 тэрбумын төсвөөр Баянхонгор сумын гэр хороололд дахин төлөвлөлт оруулах ажлыг өнгөрөгч онд эхлүүлсэн.
Баянхонгор сумын дуурсах гуравдугаар багт хийж буй тус ажлын явцтай Монголын Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн танилцав.
Зураг төсвийн хүрээнд энэ онд Баянхонгор сумын 2-7-9, 3-6 багийн гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг 6000 орчим метрээр өргөтгөн тэлж, зургаан төвийн суурийг хийх ажил үргэлжилж байна.
2024 онд тус төсөл хэрэгжиж дууссанаар Баянхонгор аймгийн гэр хорооллын нийт айл өрхийн 50 хувь нь дэд бүтэцтэй бүрэн холбогдох боломжтой болохын зэрэгцээ орон сууц, барилга байгууламж, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан, холбоо зэргээр дэд бүтцийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэн өсөн нэмэгдэх юм.
Мөн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Дулааны станцын хоёрдугаар хэлхээ буюу инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн асуудлыг танилцууллаа.