ДОРНОГОВЬ: “Соёлын сэргэлт-2023” аян үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өрнөж буй “Соёлын сэргэлт-2023” аян Дорноговь аймгийн сумдад үргэлжилж байна.
Аймгийн сумдад зохион байгуулж буй аяныг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хариуцан зохион байгуулж буй бөгөөд 13 сумыг гурван Ажлын баг хуваарилан авч ажиллаж байна. “Соёлын сэргэлт-2023” аянаар Соёл судлалын хүрээлэнгийн судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүү “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба ёс суртахуун” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгч Б.Оюунчимэг “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал”, Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл аргазүй эрдэм шинжилгээний хэлтсийн номзүйч Г.Баяртуяа ”Нийтийн номын сан: хэрэгцээ, ач холбогдол”, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Эрдэнэцэцэг “Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж арга зам ба Франчайзинг” сургалтыг тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.
Мөн үзэсгэлэн боловсролын хөтөлбөрөөр “Язгуурын таван шүтээн”
нүүдлийн үзэсгэлэн, “Барлах урлаг” боловсролын хөтөлбөр мөн “AR” нүдний
шилээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт байгаа шилдэг
үзмэрүүдийг сумын иргэд, хүүхэд багачуудад үзүүлж буй бол “Саран
хөхөө” театрын жүжигчид болон сумын ардын авьяастнуудын үзүүлэх
тоглолтыг олны хүртээл болгожээ. Эл аян Дорноговь аймагт зургаадугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.