Оросын үндэсний номын санд 8000 гаруй монгол ном, сэтгүүл хадгалагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-26 08:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сан, Санкт-Петербургийн Үндэсний номын сан 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр онлайн уулзалт зохион байгууллаа.

 

Номын сангийн захирлууд харилцан мэндчилгээ дэвшүүлсний дараа Оросын Үндэсний номын сангийн Монгол номын сан хөмрөгийн эрхлэгч хатагтай В.Г.Суслова "Оросын үндэсний номын сангийн Монгол номын сан хөмрөг", Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В. Түвшинтогтох, Х. Нарандулам нар "Санкт-Петербург хот ба Монголын Үндэсний номын сан" илтгэлийг тус тус танилцуулав.

 

Уулзалтын үеэр талууд цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаар тохиролцов.


Оросын Үндэсний номын сангийн Монгол номын сан хөмрөгт одоогийн байдлаар 8715 ном, 7205 сэтгүүл, 43424 сонин хадгалагдаж байна. Түүний дотор Монголын түүх өгүүлэх онц сонин материал олон байдгаас, жишээ нь 1912-1918 онд Харвин хотод монгол бичгээр гардаг байсан "Монголын сонин бичгүүд" сонины дугаар бүрэн эхээрээ байна.

 

Уулзалтад Монгол Улсын Үндэсний номын сангаас захирал Б.Ичинхорлоо, Ерөнхий номын санч Т.Баярлах, Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав, арга зүйч В.Түвшинтогтох, Гадаад солилцооны номын санч Х.Нарандулам, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж нар болон Оросын Үндэсний номын сангаас Ерөнхий захирал И.Г.Гронский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Б.Морозова, Ази, Африк номын тэнхимийн дарга С.В.Бычко, Ази, Африк номын тэнхимийн Монгол номын сан хөмрөгийн эрхлэгч В.Г.Суслова, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн-орчуулагч М.С.Лимаева нар оролцов.




Холбоотой мэдээ