СҮХБААТАР: Малчдын 70 орчим хувь нь тогтмол отроор нутаглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-28 08:20:44

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Онгон сум жилийн эцэст 383,1 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь 2016 оноос хойш огцом буюу 34,5 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац хоёр дахин хэтэрч, нийт малчдын 70 орчим хувь нь тогтмол отроор нутаглах болжээ.


Мөн өнгөрсөн өвөл, хавар хүндхэн өнгөрсөн. Хур бороо бага байгаа учир зуншлага тааруу байна. Үүнтэй холбоотойгоор малын хорогдол их гарчээ. 2023 оны эхний зургаан сарын байдлаар том мал 50,3 мянга, төл 52,9 мянга нийт 103 мянган толгой мал хорогдоод байгаа аж.


Малын хөлийн татвар болон ОНХС-гийн хөрөнгөөр МАА-н салбарт өнгөрсөн хугацаанд гэхэд 546,5 сая төгрөгийг зарцуулаад байна. Энэ онд 119 сая төгрөгийг төсөвлөсөн. Гэвч малын хөлийн татварын төвлөрөлт хангалтгүй байна. 2022 онд төлөгдөөгүй долоон сая төгрөгийн үлдэгдэл байгаа бол 2023 онд нийт 173 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 44,7 сая нь орж ирээд байна. Тиймээс цаашид татвар төлөлтөө эрчимжүүлэх шаардлага байна гэж Онгон сумын Засаг дарга н.Мөнхбат хэллээ.


Сүхбаатар аймгийн Залуучуулын холбоо, Онгон сумын ЗДТГ, сумын Залуучуудын холбоо хамтран малчдын дуу хоолой, санал хүсэлтийг сонсох, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар санал солилцож, төрийн түвшинд хүргэх зорилгоор “Малчдын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулжээ. Чуулганд урилгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Монгол Улсын СГЗ, цаг уурч Д.Шагдарсүрэн, ХААИС-ийн багш, тэргүүлэх зэргийн малзүйч, доктор н.Энхманлай зэрэг төрийн болон салбарын удирдах түвшний зочид оролцож, холбогдох мэдээллээ солилцжээ.


Сум орон нутгийн нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулсан ухаалаг МАА эрхлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Энэ чиглэлийн арвин туршлагаа хуваалцах хэрэгцээ шаардлага ч бий болоод байна. Тиймээс анхдугаар чуулганы онцлог, ач холбогдол их гэдгийг зохион байгуулагчид тодотгов.


УИХ-ын гишүүн Н.Ганибал чуулганыг нээж хэлсэн үгэндээ, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэд хүргэх хэрэгцээ шаардлага бий. Ингэхийн тулд эхлээд малчид тоонд бус чанарт анхаарч, эрчимжсэн МАА бий болгох шаардлагатай. Нөгөө талаар малчид малаа даатгуулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад өөрсдийнхөө нийгмийн баталгааг хангаж эрүүл мэнд, нийгмийн даатгалаа сайн дураараа төлж хэвших ёстой. Харин үүний дараа төр бодлогын түвшинд анхаарч ажиллах боломжтой. Үүний тулд ч Монгол Улсын Засгийн газар, Их хуралд тогтмол малчдын өмнөөс өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Энэхүү чуулганаас гарсан санал санаачилгыг уламжилж, нийтлэг асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж, ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв.

 

Орон нутагтаа малчдын залгамж халааг бэлтгэх, шинэ залуу малчдыг дэмжин урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлээд төрийн бодлогыг чиглүүлэх зэрэг үр дүнг чуулганд оролцогчид, малчид хүлээж байна.

 

Холбоотой мэдээ