ДУНДГОВЬ: Сувилагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг орон нутагт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Хүний нөөцийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллах сувилагч нарыг бэлтгэх зорилгоор Дундговь аймаг Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран “Сувилагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд 2023 оны хичээлийн жилд сувилагчийн ангид шинээр 30 элсэгч, шаталсан бакалаврын ангид 10 элсэгчийг элсүүлэн, сургалтыг 9 дүгээр сараас эхлэн Мандалговь хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ. “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд Дундговь аймгаас тус сургуульд шаталсан бакалаврын ангид 5, магистрын ангид 6 эмч, эмнэлгийн мэргэжилтэн суралцан төгсжээ.
Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн
захирал, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Т.Сүрэнхай, багш нарынхаа хамтаар
Дундговь аймагт ажиллаж, хамтран ажиллахаа чиглэлээ тодорхойлсон бөгөөд Сувилахуйн
сургуулийг төгссөн төгсөгчдөд ромбо, дипломыг гардуулан өгчээ.