ОРХОН: Б.Рэнцэнмядаг: “Монголын нэг өдөр”-өөр Орхон аймгийн наадам эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-05 14:43:16
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярыг улс даяараа  “Эв мөнхийн тусгаар Монгол” сэдвийн дор зохион байгуулна. Орхон аймгийн баяр наадмыг “Эрдэнэт соёл, урлагийн цогцолбор”-ын найруулагч Б.Рэнцэнмядаг найруулж байна. Түүнтэй баяр наадмын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.


-Төрийн их баяр наадмыг зохион байгуулна гэдэг том үүрэг хариуцлага бас уран бүтээлчийнхээ ур чадварыг харуулах боломж гэж бодож байна. Наадмын бэлтгэл ажил хэр байна вэ?

-Баярлалаа. Бэлтгэлээ базааж л байна. Монгол агуулга, соёл, уламжлалаа уран бүтээлдээ шингээж ажиллахыг хичээж байна. Нөгөө талаас төрийн их наадмыг найруулж байгаадаа бага зэрэг “эмээж” байна. Гэхдээ Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Одончимэг найруулагч наадмын зөвлөх найруулагчаар ажиллаж байгаа. Гавьяатаасаа их зүйл сурч, мэдэж, асууж зөвлөгөө авч хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Д.Одончимэг гавьяатынхаа заавар, зөвлөгөөн дор олон зүйлийг сурч мэдэж байна. Би олон баяр, ёслолын үйл ажиллагааг МУУГЗ Д.Одончимэг найруулагчтай хамтдаа найруулж, тусалж ажиллаж байсан. Гэхдээ энэ удаа Үндэсний их баяр наадам, Монгол түмний баяр, төрийн их наадам шүү гэж бодохоор сандарч, асууж зөвлөх зүйл их гарч байна.

Энэ жилийн наадмыг улс даяараа “Эв мөнхийн тусгаар Монгол” сэдвийн дор зохион байгуулж байгаа. Орхон аймаг үүнтэй уялдуулж “Эвийн тэнгэр дор” гэсэн агуулга, сэдвийн хүрээнд  соёл, урлагийн үйл ажиллагаа, нээлт, хаалтаа зохион байгуулна.

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд нийт 600 гаруй уран бүтээлч ажиллана. Энэ жил Эрдэнэт хот байгуулагдсаны 47 жилийн ой бас тохиож байна.


-Та Үндэсний их баяр наадмыг анх удаа найруулж байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалт өмнөх наадмаас юугаараа онцлог байх бол?

-Тухайн жилийн наадмыг монголчууд нээлт, хаалтаар нь дүгнэдэг. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд “Эрийн гурван наадам”-аа онцолж, наадамчин олон Монгол эх орон, монгол ёс заншил, уламжлал, Үндэсний их баяр наадмаараа бахархаасай, бахдаасай гэдэг зорилгоор  морь, бөх, сурын харвааг харуулсан урлагийн тоглолт толилуулна.

Мөн Монголын нэрт зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” уран зургаар сэдэвлэсэн уран бүтээлийг толилуулна. Монголын биет болон биет бус өв, соёлыг бүгдийг нь багтаахыг зорьж байгаа энэ  бүтээлдээ.

Нээлтийн үйл ажиллагаанд 250 гаруй хүүхэд, 100 гаруй залуус оролцоно. Олны хэсэгт нийтдээ 600 уран бүтээлч ажиллана.

Мөн цахилгаан хөгжмийн хамтлаг шинэ уран бүтээлээ толилуулна. Орхон аймаг сүүлийн жилүүдэд хүүхдийн найрал дуутай болж олон сайхан уран бүтээл туурвиж байгаа. Тэд энэ удаа хоёр дууг наадамчин олондоо зориулна.

Бид Үндэсний их баяр наадмаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шаравын  “Сэрсэн тал”-аар эхлүүлнэ. Эрдэнэтийнхэн сүүлийн үед соёл, урлаг, төрийн  бүхий л ёслолын үйл ажиллагааг “Сэрсэн тал” хөгжмөөр эхлүүлж байгаа. Энэ бас манай наадмын бас нэгэн өнгө байх болно. Нийт 80 гаруй хөгжимчин тоглоно.

Түүнчлэн Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн “Монгол бүжгийн чуулбар”-ыг 100 гаруй бүжигчин бүжиглэнэ. Эрдэнэт хот бол олон ястны өлгий нутаг бөгөөд энэ онцлогийг уг бүжгээр төлөөлүүлж харуулах юм.  

Наадмын нээлтийн үеэр гал тахих ёслол үйлддэг. Энэ ёслолд зориулсан дуу байдаггүй. Тиймээс гал тахих ёслолд зориулж сайхан дуу бүтээлээ, хурдан морь унаач хүүхдэд зориулсан “Гийнгоо”  гэсэн шинэ уран бүтээлүүд толилуулна.

Энэ мэтчилэн “Эвийн тэнгэр дор” наадмын тоглолтын үеэр олон сайхан  уран бүтээлийг наадамчин олондоо толилуулна. Ер нь аливаа уран бүтээл, сонголт нь тухайн үеийн цаг үедээ шинэ, шинэлэг болж харагддаг. Тиймээс наадмын нээлт бүхэлдээ сонирхолтой болно гэж бодож байна.


-Та ер нь яагаад үндэсний баяр наадмыг найруулахыг хүсэв?

-Ямар ч уран бүтээлч Үндэсний их баяр наадамдаа өөрийн авьяас билгээ зориулж оролцохыг хүсдэг. Би өнгөрсөн гуравдугаар сард аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлагийн газарт наадмыг найруулах төслөө танилцуулсан юм. Түүнээс хэдэн сарын дараа МУУГЗ Д.Одончимэг найруулагч бид хоёрыг дуудаж аймаг хамтран ажиллахаар болсон. Үүнд маш их баярлаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Та сайхан наадаарай.

 

Холбоотой мэдээ