Цэргийн эмнэлэг жилд 14 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-13 18:05:15

Тэртээ 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдаж байсан одоогийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олог хүн зоны эрүүл энхийн төлөөх үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд шархадсан дайчид болон ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн нь түүхийн хуудаснаа тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм.

95 жилийн түүхт Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар танилцлаа. Сайд нарын хамт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, улсын эмнэлэг болон дүүргүүдийн эмнэлгийн удирдлагууд, нийслэл, дүүргүүдийн цэргийн штабынхан ажиллав.

Батлан хамгаалахын сайдыг Хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авснаар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах ажил эхэлсэн. Эмнэлгийн үүх түүх , үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи мэдээллийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд танилцуулсан юм. 
Эмнэлгийн хамт олон өдгөө батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчид, тэдний ар гэрийнхэн, ахмад дайчид, цэргээс тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Улсын хэмжээнд зэвсгийн хөнөөлөөс үүссэн гэмтлийн тусламж, нийслэлийн хэмжээнд хутга, мэсний үйлчлэлээс үүссэн гэмтлийг эмчлэхээс гадна Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд мэс заслын яаралтай тусламжийн 20 орчим хувийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон үүрч байгаа гэсэн үг. 

Хурандаа С.Батболд хамт олноо 1991, 1992 онд болсон Налайх дүүрэгт болон уурхайн нуралт, 1996 онд Хөтөл тосгонд булчин задлах тахлын дэгдэлт, 2007 онд Багануур дүүрэгт гарсан метилийн спиртийн цочмог хордлогын голомтод, 2012 онд Ховд аймгийн Булган суманд гарсан хоолны хордлогын голомтод тус тус ажиллаж, олон зуун иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэснээ онцолсон. Өдгөө эмчилгээний 22 тасаг, поликлиникийн 4 тасаг, нарийн мэргэжлийн 30 гаруй кабинеттэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 14 мянга гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй бөгөөд эмнэлгийн шинэ цогцолбор барилгадаа орж, Австри улсын хөнгөлттэй зээлээр дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн эмнэлгийн багаж хэрэгсэл, аппаратуудтай болсон байгаа гээд онцолж, тодотгох сайхан мэдээ олон байна. Иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгааг онцлох ёстой. 

Харин эмнэлгийн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэхэд төр, засгийн зүгээс анхаарал тавих хэд, хэдэн асуудал байгааг салбарын сайдуудад танилцуулсан. Тухайлбал, өндөр ачаалалттай байж эрүүл мэндийн салбарын тодорхой ачааг үүрэлцдэгийн хувьд нэгдсэн эмнэлэг гэдгийг бүрэн нь баталгаажуулах, Зэвсэгт хүчний анги байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудыг Эрүүл мэндийн тухай хуульд баталгаажуулж оруулах гэхчилэн хэд, хэдэн асуудал дэвшүүлсэн юм.

Үүний дараа эмнэлгийн дотоод зохион байгуулалт, Австри улсаас хөнгөлттэй зээлээр авсан ховор багаж төхөөрөмжүүдтэй танилцаж, өвчтөнүүдийн санал сэтгэгдэл зэргийг нь сонирхсон. Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатарын ярьснаар цэргийн эмнэлгийн хуучин барилгадаа өвчтнүүдээ хүлээн авч эмчилж байгаа ажээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын багагүй хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай, нарийн мэс заслуудыг яаралтай хийж байгаа гээд мэргэжил, арга зүйн хувьд чадварлаг хамт олон ажиллаж байгааг онцолсон юм.

Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэгээс сэтгэгдлийг нь сонслоо.Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь мэргэжил аргазүйн хувьд манай яаманд, цэргийн талаасаа ЗХЖШ-т харъяалагддаг хоёр удирдлагатай онцлог газар. Энэ онд шинэ байртай болж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн байна. Цаашид нэгдсэн эмнэлэг гэдэг статусыг нь өгөх шаардлага байгаа нь анзаарагдаж байна. Хэдийгээр өндөр ачаалалттай ажилладаг ч гэсэн цэргийн гэдэг утгаараа үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа учраас бусад улсын эмнэлгийн ачаалал, чирэгдлийг тэнцвэржүүлэхэд энэ эмнэлгийг оролцуулах ёстой гэж манай яамныхан үзэж байгаа. Магадгүй зүүн аймгуудын мэс засал, гэмтлийг энэ эмнэлгийн хамт олонд даалгаж болох юм. Одоогоор бодлогын төвшинд тодорхойлсон зүйл байхгүй, зөвхөн яригдаж байна. Эрүүл мэнд, спортын яамны хувьд бүх талаар нь дэмжиж ажиллана. Бодлогоо тодорхойлохдоо салбарын яамных нь саналыг байнга сонсч байна гэсэн төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ