Австралийн тамирчин усанд сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-24 09:07:43

ФҮКҮОКА. /АВС/.  Австралийн тамирчин Ариарне Титмус ням гарагт 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Японы Фүкүока хотод болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тэмцээнд Австралийн тамирчин 3 минут 55.38 секундийн үзүүлэлтээр тэргүүн байр эзэлсэн байна.


Хоёрдугаар байрыг Америкийн тамирчин Кэти Ледеки (+3.35 секунд), гуравдугаар байрыг Шинэ Зеландын тамирчин Эрика Фэрвезер (+4.21) тус тус эзэлжээ.


Өмнөх дэлхийн дээд амжилтыг Канадын тамирчин Суммер Макинтош (3:56.08) эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 2023 оны гуравдугаар сард Канадад болсон тэмцээний үеэр тогтоосон юм. Фүкүокад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Макинтош дөрөвдүгээр байрт (+4.56) оржээ.


Австралийн баг мөн эмэгтэйчүүдийн 4х100 чөлөөт сэлэлтийн төрөлд 3 минут 27.96 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Энэ төрөлд австраличууд  2021 оны Токиогийн олимпын үеэр 3 минут 29.69 секундийн үзүүлэлтээр өмнөх дээд амжилтыг тогтоож байжээ.

 

Холбоотой мэдээ