Шилдэг 10 залуу эрдэмтэн тэтгэлэг гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-09-14 15:45:17

“Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2016 оны судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олголоо.

Тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог байна. Дээрх тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаач хүртжээ.

Энэ үеэр залуу эрдэмтэд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээлч аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэхэд судалгаагаа чиглүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ илэрхийллээ.

Тус тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэх юм.

Энэхүү үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны ерөнхийлөгч  Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс байлцав.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ