ХЭНТИЙ: Монголын далд уурхайн музейг Бэрхэд байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Бэрх /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотод “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг байгуулах ажил үргэлжилж байна.
Тус төвийн газрын гүний үзүүллэгийн хэсгийг хуучин Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн бүтээж байгаа аж. Тодруулбал, газрын гүнд гадаргаас доош -45 метрт, 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбай бүхий орчинд төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус төвийн төсөл нь газрын дээр болон газрын доорх бүтээн байгуулалт гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нийтдээ гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм.
Бэрхийн уурхай нь 1954 оноос Бэрх орд
буюу уулын цехийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж, 68 жилийн турш хориод
салбар уурхайтайгаар хайлуур жонш олборлон экспортлосон. Экспортын оргил үедээ
170-189 мянган өндөр агуулгатай жонш олборлон борлуулж, Монгол Улсын төсвийн
25-30 хувийг бие даан бүрдүүлж байсан түүхтэй уурхай юм. 1971 онд тус уурхай нь
социалист хөдөлмөрийн гавшгайч уурхай болж, “Алтан гадас” одонгоор шагнагдаж
байжээ.
“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн салбар Монгол Улсад үүсч хөгжсөний 100 жилийг угтан бүтээн байгуулж байна.