Даншиг наадмын үеэр морьт харваа, сээр цохих тэмцээн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-02 12:49:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг энэ сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулна.


Наадмын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээлэхдээ, “Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв уламжлалаа таниулахаар даншигийг 7 дахь жилдээ “City of nomads” уриан дор зохион байгуулахаар бэлтгэж байна. Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочин төлөөлөгч, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдыг оролцуулна. Шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулна” гэв.


Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, “Эрт үеэс лам хувраг, сүсэгтэн олныг хамарсан хүрээ цам, хүрээ даншиг наадам, хүрээ майдар гэсэн гурван үйлийг уламжлал болгон зохиож, хүрээ болон бусад газраас сүсэгтэн олон, үзэгч сонирхогчид чуулдаг байсан түүхтэй. Энэ уламжлалаа сэргээж байгаа. Цам харайх ёслол нь хүний дотоод сэтгэлийн бясалгалтай холбогдсон Очирт хөлгөний бүжиг юм. Бүжгийг дэглэхдээ Ямандаг бурхны авшиг авч, Дамдин Чойжоо бурхны жанан авсны дараа арваад хоногийн бясалгалд суун, Жагар цамын гурван өдрийн их хуралд суусны эцэст бүжиг биеллээ олдог. Бурхны шашны бага таван ухаанд бүжиглэлийн ухаан багтах цам нь наадмын онцлог. Энэ үеэр Очирваань бурхан, цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн, бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, уран яруугаар үзүүлдэг. Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болдог. Даншигийн цуваа, Сүнчой айлдвар, Очирвааний тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон үйл ажиллагаа болно” хэмээсэн юм.


Даншиг наадмын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний 256, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг сугалаагаар зохион байгуулна. Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх ирээд буй. Бай шагнал нь бусад наадмаас өндөр, Даншигийн цол олгоно. Түүх, уламжлалаа сэргээн цолыг 2015 оноос олгож эхэлжээҮүнээс гадна хоёр насны буюу хязаалан, их насны морьд уралдуулна. Хязааланг 1.4 км-ээр, их насыг нэг км-ээр богино зайд уралдуулахаар төлөвлөжээ. Өмнө нь нэг өдөр хоёр насны морь уралддаг байсан бол иргэддээ хүртээмжтэй байлгах үүднээс энэ сарын 5-нд хязаалан, 6-нд их насны морьдыг уралдуулна. Жороо морины уралдааныг хоёр өдөр зохион байгуулах аж.


Түүнчлэн, соёл, урлагийн 7-8 үйл ажиллагааг зохион байгуулна. Тухайлбал, нүүдэлчдийн нийслэл хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж, цаашид яаж хөгжих чиглэлээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал хийнэ. Үүнд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач оролцох юм. Нүүдэлчдийн нийслэл, даншиг наадмын үүсэл хөгжилтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг жуулчдад толилуулна. Мөн нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгааг илэрхийлэх шоу тоглолт зохион байгуулна. Тоглолтод Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч оролцох юм. Мөн үндэстний хувцасны түүхийг харуулсан загварын шоуг бэлдгэжээ. Нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс соёлын 30 өвлөн уламжлагч, уран бүтээлч, ардын авьяастан оролцсон баг өөрсдийн гэрт байрлаж, иргэд, жуулчдад үзүүлбэр, тоглолтоо толилуулах аж.


Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, “Өнгөрсөн оны наадмыг 2500 орчим жуулчин сонирхсон. Энэ жил хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваач, уран бүтээлч, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Хөтөлбөрт өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, үйл ажиллагаа олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн нь жуулчдад төдийгүй монголчуудад ч сонирхолтой байх болно” гэлээ.

Холбоотой мэдээ