ДОРНОД: 600 орчим хүн шатрын спортоор идэвхтэй хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-15 19:14:04

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд шатрын спортоор идэвхтэй хичээллэж байгаа 600 орчим хүн бий. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд шатрын спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж байна.


Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Дорнод аймагт болох гэж байна. Тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг, Багануур, Багахангай дүүргийн 400 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулна.


Ноднин жилийн хавраас Дорнод аймгийн шатрын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлснээр томоохон амжилтууд гаргаад байна. Тухайлбал, нэг жилийн хугацаанд 11 шатарчин спортын  мастер, дэд мастер цолны болзол хангажээ. Түүнчлэн Дорнодын шатарчид Ази тив, олон улсын тэмцээнүүдээс 30 гаруй медаль хүртээд байна.


Сонирхуулахад, манай улсад цор ганц байдаг шатрын хөшөө Дорнод аймгийн Булган суманд бий.

Холбоотой мэдээ