Хүннү булшнаас илэрсэн цорын ганц бичгийн дурсгалыг хадгалсан xүрэл тамга

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-17 09:03:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Францын хамтарсан экспедицийн малтлагаар 2013 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошууны 2-р булшнаас гарсан хүрэл тамга нь Хүннүгийн булш оршуулгаас илэрсэн анхны бөгөөд цорын ганц тамга, мөн одоогоор олдоод буй цорын ганц бичгийн дурсгал хэмээн тооцогдож байна.


Тамганы их бие нь давхарласан хоёр дөрвөлжин ба түүний дээр байх голдоо нэвт нүхтэй мөлгөр оройтой бариултай, бариулын нүхэнд оосрын сурны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байжээ. Хэмжээ нь өндөр 1.3 см, суурийн харьцаа 1.7 см х 1.6 см юм. Тамганы дардас нь тодорхой харагдаж байгаа ч одоогоор тайлж уншаагүй байна.


Энэхүү тамгатай ижилсэх боловч цаг хугацааны хувьд илүү хожуу цаг үед хамаарах олдвор Их Монгол Улсын үеийн Таван Толгойн 59-р булшнаас 2010 онд илэрсэн ясан тамга ажээ.


Ташрамд дурдахад, баруун хойд Хятадаас олдсон Өмнөд Хүннүгийн үед холбогдох хятад бичгийн дардастай хэд хэдэн тамга байдаг боловч дээрх тамганаас олон талаар ялгаатай байдаг байна. Тухайлбал, Хятадаас олдсон тамганууд хэмжээ том, хэлбэрийн хувьд илт өөр байхын зэрэгцээ тамганы зэрэглэл ч хавьгүй өндөр байжээ гэж үзэж болохоор байдаг аж. 



                                                                                                                                            Эх сурвалж: Доктор Ц.Төрбат (МУИС) 

Холбоотой мэдээ