ТӨВ: Техник технологийн улсын XXV олимпиадын Нисэх загварын төрөлд Н.Номин тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-08 08:23:39

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Техник технологийн улсын XXV олимпиадын Нисэх онгоцны загвар төрөлд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12е ангийн суралцагч Н.Номин тэргүүлж, алтан медаль хүртжээ. Ингэснээр Н.Номин БНСУ-д зохион байгуулах олон улсын тэмцээний эрх авлаа.  


 Тухайлбал, 21 аймгийн 9 дүүргийн 26 тамирчинтай өрсөлдөж, 100 онооноос 96.4 оноо авсан байна.


Олимпиадыг МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль дээр зохион байгуулсан.  


Тус олимпиадад Авто машины дуураймал загвар, Усан онгоцны загвар, Нисэх онгоцны загвар, Дизайн технологи, зураг зүй, Дүрслэх урлагийн төрлөөр 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан ЕБС-ийн багш, сурагчид авьяас, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

 


Н.Номингоос тодруулахад, “Stiletto 660 загвараар оролцлоо. Энэ нь АНУ-ын загвар бөгөөд дэлхийн аваргад 3 удаа түрүүлж байсан гэдэг юм билээ. 2 сар гаруй хугацаанд бэлтгэлээ базаасан бөгөөд төлөвлөгөөний дагуу бэлдэж хийсэн учраас хүндрэлтэй зүйл бага байсан” гэв.

 

Холбоотой мэдээ