ТӨВ: Музейн анхны үзмэрүүдийн нэг хүннү ваар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-08 08:33:22

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Төв аймгийн музейд 3036 дэсийн 5734 үзмэр бий. Үүнээс музейн анхны үзмэрүүдийн нэг хүннү ваарыг энэ нийтлэлээрээ онцолж байна.


Төв аймгийн музей тус үзмэрийг Эрдэнэсант сумын иргэн Дагвадоржоос 1958 онд авч, өдгөө хадгалан хамгаалж байна. Хүннү ваар нь НТӨ 209 - НТ 93 онд хамаарах бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уулын булшны олдвор хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.




Шавар ваарны амсрын диаметр 11.6 см, их биеийн ёроолын диаметр 28 см, суурийн диаметр 12.4 см хэмжээтэй байна.




Саарал өнгөтэй, хүзүүний ховилоос доош их биеийн дунд хэсэг хүртэл гурвалжин босоо уул маягийн хээ, дунд хэсэгтээ долгиолсон усан хээ хоёр, шулуун зураас хоёр, ваарын бүсэлхийнээс буюу зурааснаас доош босоо зураасан хээг гаргажээ. 




Амсар нь 1.5-3.0 см-ийн өргөн, 2-4 мм-ийн гүн хоёр эмтэрсэн байдаг байна. 




Сайтар шигшсэн саарал шаварлаг шороогоор хийсэн энэхүү вааранд шингэн зүйлсийг хадгалж байсан байна. 

Холбоотой мэдээ