Хүүхдийн тархины хавдрын эсрэг эмийг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2023-08-18 10:23:19

МОСКВА. /ТАСС/. Олон улсын судлаачдын баг хавдрын эсрэг ONC201 гэдэг эмийн клиник туршилтыг амжилттай хийснээр тархины глиома хавдрын хүнд хэлбэрээр шаналж буй хүүхдүүдийн амьдрах хугацааг дунджаар 2 дахин уртасгах боломжтой болжээ. Энэ тухай АНУ-ын Мичиганы их сургуулийн хэвлэлийн алба мэдэгдсэн ба туршилтын үр дүнг Cancer Discovery сэтгүүлд нийтэлсэн байна.


“Ийм төрлийн хорт хавдартай тэмцэхэд туйлын хэцүү байдаг. Бидний туршилтаас өмнө 250 клиник туршилт хийгдсэн боловч өвчтэй хүүхдүүдийн биеийн байдлыг сайжруулж чадаагүй” гэж туршилтыг удирдсан Мичиганы их сургуулийн судлаач Карл Кошманн ярилаа.  


Глиомагийн хамгийн хүнд хэлбэрүүд буюу дунд талын сарнимал глиома  (DMG) ба түүний нэг төрөл болох гүүрний хэсэгт байрлах дотоод сарнимал  глиома нь  хүүхдүүдэд зонхилон тохиолддог. Энэ төрлийн хавдраар өвчилсөн хүүхдүүд онош тавьснаас хойш 11-15 сарын дотор нас бардаг бөгөөд үүнтэй тэмцэх аргыг эмч нар өдийг хүртэл олж чадаагүй байсан юм. Харин ONC201 туршилтын эмийг хэрэглэснээр DMG томрох явцыг эрс удаашруулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.


Эхэндээ уг эмийг дофамины хүлээн авууруудын /рецептор/ идэвхжил бүхий хавдрын эсүүдийн эсрэг хэрэглэхээр гарган авсан ба явцын дунд ONC201-ийн молекулууд нь тархи ба цусны эргэлтийн хоорондын саадыг нэвтэлж, глиомагийн эсүүдэд нөлөөлөх чадвартай болохыг олж тогтоосон байна.  


Мичиганы их сургуулийн судлаачдын хийсэн 1 дүгээр ба 2 дугаар шатны клиник туршилтад дунд талын сарнимал глиомагийн хүнд хэлбэрээр өвчилсөн 71 хүүхдийг хамруулжээ. Тэд ONC201-ийг хэрэглэхэд гаж нөлөө илрээгүй бөгөөд амьдрах хугацаа нь 2 дахин уртассан байна. Онош тавьснаас хойш тэд дунджаар 22 сар орчим амьдарсан бол өвчтөнүүдийн 1/3 орчим нь 2-оос дээш жил амьдарчээ.


H3 уураг дахь H3K27M мутацийн улмаас хавдрын эсүүд дэх генүүдийн идэвхжил алдагдсан байсныг хэвийн болгосон нь ONC201 эмийн гол үр дүн юм.


Цаашдаа эм ба хавдрын эсүүдийн харилцан үйлчлэлийг сайтар судалснаар илүү үр дүнтэй эмийг гарган авч, глиомагийн хүндрэлийг удаашруулах төдийгүй уг хавдрыг устгах боломжтой хэмээн эрдэмтэд найдаж байна.  

Холбоотой мэдээ