Ю.Цэдэнбалын эд өлгийн зүйлсийг анх удаа олны хүртээл болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-15 15:41:31

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.  

Үзэсгэлэнгийн нээлтэд ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Ю.Цэдэнбал агсны бага хүү Ц.Зориг болон бусад хүмүүс оролцов.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол Ю.Цэдэнбал дарга. Иймээс Монголын төр, засаг гүн хүндэтгэл үзүүлж ойг нь тэмдэглэж байна. Төрийн тэргүүн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайд, Сайд нарын Зөвлөлийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар,  төр, цэргийн түүхэн дэх маршалын нэг бол Ю.Цэдэнбал. XX зуунд Монгол Улсыг хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл  хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон. Үзэсгэлэнгийн нээлтээр Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Энэ оныг дуустал алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Музейг нь Монголын үндэсний музейд байгуулахаар болсон” гэв.

Үзэсгэлэнд түүнд холбогдох зүйлс болох 1990 оны есдүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас тус музейн сан хөмрөгт шилжин хадгалагдсан 700 гаруй эд өлгөөс 150 гаруйг нь түүвэрлэн байрлуулжээ.

Мөн Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүний БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.

Мөн энэ үеэр Д.Төрбатын “Маршалын нууц товчоон” номыг уншигчдын хүртээл болгосон юм. Энэ номд түүний хийж хэрэгжүүлж байсан ажлууд, санал санаачилга, түүний бага нас, төрсөн нутаг, эцэг эх, боловсрол гээд бүхий л зүйлийг багтаасан байна.

Үзэсгэлэн ирэх сарын 15-ныг хүртэл нэг сарын турш олны хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ