Шүүгчийн сонгон шалгаруулалт тав хоног үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-15 16:37:08

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 77, 84, 85, 99 дүгээр тушаалаар зарласан “Зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт”-ын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт өнөөдөр 9.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн шийдвэрийн ач холбогдол” сэдвээр эссэ бичих шалгалтаар эхэллээ.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 46 орон тоонд 109 нэр дэвшигч буюу үүнээс сонгон шалгаруулалтад шинээр 96 нэр дэвшигч, нөөцөд бүртгүүлсэн 13 нэр дэвшигч оролцож байна. Шалгалтад Улаанбаатар хот болон 21 аймгаас оролцож,  8-10 төрлийн шалгалтыг цахимаар өгч, мэдлэг ур чадвараа шалгуулахын зэрэгцээ, ярилцлаганд орж шалгуулж байж, шүүгчийн албан тушаалд тэнцэх юм. Шалгалтад оролцогчдын материалыг мэргэшсэн хуульч, профессоруудаас бүрдсэн Шүүхийн мэргэшлийн хорооны есөн гишүүн програмаар дүгнэхээс гадна нэр дэвшигчийн материалыг ч ялгаж  мэдэх боломжгүй.  Шалгалт тав хоногийн турш үргэлжилнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ