БАЯН-ӨЛГИЙ: 15 тонн Алтайн сугас загас агнах зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-23 15:59:29

Өлгий /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 215 дугаар тушаалаар тухайн онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо, хэмжээ, зүйлийг баталсан.


Тус тушаалаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс 8 угалз, 27 тэх, 5 халиун буга, 8 зэгсний гахай агнахыг зөвшөөрсөн аж. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих загасны дээд хязгаарыг 15 тонн байхаар тогтоосон байна.


Иймд аймгийн ЗДТГ-аас тусгай зориулалтаар агнуурын амьтад болон загас агнах, барих зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаад байна. Тус дуудлага худалдаагаар 4 толгой Алтайн угалз (Ovis ammon), 15 тонн Алтайн сугас загас, 6 толгой зэгсний зэрлэг гахай (Sus Scrofa) агнах зөвшөөрөл өгнө. 


Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр 1 толгой Алтайн угалзын босго үнэ 4 сая 440 мянга, зэгсний гахай 1 сая 133 мянга, 1 ширхэг Алтайн сугас загас 3 мянган төгрөгийн үнэтэй байна.


Дуудлага худалдааг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулна. 

Холбоотой мэдээ