БАЯН-ӨЛГИЙ: Хууль бусаар тарвага агнасан иргэдэд хариуцлага тооцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-25 14:53:50

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 453 дугаар захирамжаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаагаар зохион байгуулж байна.


Тус ажлын хүрээнд хууль бус ан агнууртай тэмцэх зорилгоор хөдөө сумдад хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэг ажиллуулж байгаа.


Тухайлбал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төвийн алба хаагчид Өлгий, Толбо, Бугат сумдын байгаль хамгаалагч нартай хамтран энэ сарын 23-ны өдөр Толбо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хонгор өлөн хэмээх газраас Ховд аймгийн 2 иргэн тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ. Тиймээс хуульийн хүрээнд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулж, тухайн иргэдэд хариуцлага тооцсон байна.


Амьтны тухай хуульд зааснаар хууль бусаар тарвага агнасан тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээг нь хоёр дахин өсгөж нөхөн төлүүлж, ашигласан эд зүйл, орлогыг хурааж улсын хөрөнгө болгох ажээ.


Иймд болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ