“Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийн анхны зочин Хятадын нэрт зохиолч Үй Хуа байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-28 20:18:23
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ”Нэпко” болон “Тагтаа” хэвлэлийн газрууд хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.


Тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, "Цусаа худалдсан тэмдэглэл", "Зүс борооноор хадах дуун", "Надад нэр байхгүй", “Вэн хот”, "Хятад орныг 10 үгээр" зэрэг зохиолоороо Монголын уншигчдад хэдийнээ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьжээ. Зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-наас 20-нд Улаанбаатар хотноо зочлох ба энэ үеэр болох Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх юм байна.


Нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдсан тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг юм. Түүний “Амьдрахуй” романаар найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч, хэдийгээр уг киног эх оронд нь гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан түүхтэй.


Зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрээр зохиолчийн нэр хүнд төдий чинээ өсөж, өдгөө зохиолч Үй Хуа Ирландын алдарт зохиолч Жэймс Жойсын нэрэмжит шагнал болон Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international зэрэг уран зохиолын нэр хүндтэй олон шагналыг хүртээд байна. 


Холбоотой мэдээ