ДУНДГОВЬ: "СҮҮ" хөтөлбөрөөр сурагчдын өдөрт авбал зохих кальцийн хэрэгцээг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-31 12:50:05
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын Ерөнхий боловсролын 18 сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын өдөрт авбал зохих кальцийн хэрэгцээг тодорхой хэмжээнд хангах зорилгоор “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж, маргааш нээлтээ хийх ажээ.


Тодруулбал, тус хөтөлбөрийн хүрээнд 15 сумын 18 сургуулийн бага ангийн 1500 орчим  хүүхдэд долоо хоногийн 3 өдөрт нь 120 грамм сүү өгөхөөр болж байна.


Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы ЖАЙКА Олон Улсын байгууллагаас тус аймгийн “Говийн ирээдүй цогцолбор” болон “Мандал” сургууль дээр “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хавар дээрх 2 сургуулиын хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан.

Сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар сурагчдын 18,1 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 38,5 хувь нь өглөөний цайгаа тогтмол ууж хэвшээгүй, 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 52,5 хувь нь сургууль дээр хоол идэх, цай уухдаа гар угаадаггүй эсвэл хааяа угаадаг болох нь тогтоогджээ.


Мөн судалгаагаар 6 хүүхдийн 1 нь өдөр бүр  жимс, 3 хүүхдийн 1 нь сүү, цагаан идээ, 2 хүүхдийн 1 нь хүнсний  ногоо зэрэг эрүүл хүнсийг хэрэглэж байсан бол эрүүл бус хүнс, тодруулбал чихэрлэг ундааг 2 хүүхдийн 1 нь, чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг 5 хүүхдийн 4 нь өдөр бүр хэрэглэж байсан бөгөөд нэг хүүхдийн сүү сүүн бүтээгдэхүүний өдөрт авах хэмжээ 310 гр байхаас 90,5 гр, кальцийн өдөрт авах хэмжээ 700 мг байхад 260 мг, судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 80-аас дээш хувь нь цусан дахь “Д” витамин болон кальцийн дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан байна.  


Энэхүү судалгааны дүнд үндэслэн “Мандал” сургууль эцэг эхчүүдийн тусламж, дэмжлэгтэйгээр долоо хоногийн Лхагва гараг бүр хүүхдүүддээ 150 мл  бүлээн сүү өгч байсан юм.


“Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө болон аймаг, сумын ОНХС-ийн төсөл хөтөлбөрийн хүрээнд гаргахаар шийдвэрлэжээ.


Холбоотой мэдээ