ТӨВ: Ургац хураалтын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-01 08:39:57

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг “Ургац хураалтын зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү зөвлөгөөн нь ургац хураалтын ажлыг хугацаанд нь оновчтой зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

 

Намрын үр тариа, малын тэжээл, тосны ургамлын үйлдвэрлэл эрхлэгчдийн энэ жилийн зөвлөгөөнийг Заамар сумын “Тосон овоот хайрхан” ХХК-ийн талбайд зохион байгуулав. 

Харин төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг Угтаалцайдам сумын “Жаврайн үр” ХХК-ийн талбайд зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнөөр мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл цаг үеийн мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Төв аймаг энэ онд нийт 145 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар үр тариа 104.6 мянган тонн /үүнээс улаан буудай 91.8 мянган тонн/, тэжээл 127.5 мянган тонн, тосны ургамал 19.7 мянган тонн, төмс 86.2 мянган тонн, хүнсний ногоо 32.4 мянган тонн тус тус хурааж авах баланс гараад байна.

Холбоотой мэдээ