ХОВД: Залуусын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааны бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-04 15:39:29

Жаргалант /МОНЦАМЭ/. Залуучуудад зориулсан Гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааны бүртгэл Ховд аймагт эхэллээ.


Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих “START UP” үйл ажиллагааг 2017 оноос эхлэн зохион байгуулж буй.


Тус үйл ажиллагааны хүрээнд нийт 44 иргэнд 430 сая төгрөгийн санхүүжилт олгож, шинэ бизнесээ эхлэх, өргөжүүлэхэд нь бодит дэмжлэг үзүүлж байжээ. 


Тэгвэл энэ жил мөн залуучуудад зориулсан Гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд гарааны бизнесээ эхлэх, өргөжүүлэх, шинэлэг, өвөрмөц  санаагаа бодит ажил болгох зорилготой 15-34 насны иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэл 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.


Бүртгэлд хамрагдсан залуус бизнесээ хөгжүүлэх талаар шинэ мэдлэг олгох үе шаттай сургалтад оролцож, туршлага солилцох ба бизнесийн шинэ санаагаа танилцуулж, шилдгээр шалгарвал 10 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт авах боломжтой.  Дээрх үйл ажиллагаа, бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  94058805, 80878805, 77431220 утсаар тодруулах боломжтой. 


Ховд аймгийн нийт хүн амын 50 гаруй хувь нь 18-34 насны залуус байдаг. 

Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд "Start up" үйл ажиллагаа, хөтөлбөр чухал ач холбогдолтой.   


Холбоотой мэдээ