NYT: Ким Жөн Ун ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-05 10:19:40

НЬЮ-ЙОРК. /NYT/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад зэвсэг нийлүүлэх асуудлын талаар хэлэлцэхээр ойрын өдрүүдэд тус улсад айлчлахаар төлөвлөж байна гэж “The New York Times” сонин АНУ болон тус улсын холбоотнуудын албаны эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 


БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй есдүгээр сарын дундуур Владивостокт уулзаж магадгүй аж. Гэхдээ уулзалтын талаарх төлөвлөгөөг Кремлийн зүгээс зарлаагүй байгаа юм. “NYT”-ын эх сурвалжуудын мэдээлснээр, Ким Жөн Ун Москва хот болон сансрын хөлгийн “Восточный” буудалд очих бололтой.  Үүний сацуу, хилийн чанадад ховорхон айлчилдаг Ким Жөн Ун хуягт галт тэргээрээ Владивостокт ирж, есдүгээр сарын 10-13-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр В.Путинтэй уулзана гэдгийг ч үгүйсгэсэнгүй. 


"Путин их бууны сум, танк эсэргүүцэгч пуужингуудийг Орос руу илгээхийг Кимд ятгах гэж байгаа бол Ким Умард Солонгост хиймэл дагуулын дэвшилтэт технологи, цөмийн шумбагч онгоц нийлүүлэх хүсэлт тавина" гэж "NYT"-ын эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжуудын ярьснаар, Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Пёньянд айлчилсны дараа  зэвсэг худалдан авах тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр өөр нэг хэсэг албан тушаалтан Умард Солонгост айлчилсан байна.


В.Путин, Ким Жөн Ун нар хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард Владивостокт уулзсан юм. 


Холбоотой мэдээ