“Aditya-L1” эхний зургуудаа илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-09-08 11:29:40

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага /ISRO/ Нарыг судлахаар илгээсэн сансрын аппаратаас хүлээн авсан эхний зургуудыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.


Өнгөрсөн бямба гарагт хөөргөсөн “Aditya-L1” аппарат нь Дэлхийгээс 1.5 сая км-ийн зайд аялах бөгөөд энэ нь Дэлхий-Нар хоорондын зайны нэг хувьтай тэнцэх юм. Сансрын агентлагийн мэдээлснээр, тус зайг дөрвөн сарын хугацаанд туулах ажээ. Энэтхэг улс нь хэдхэн хоногийн өмнө Сарны өмнөд туйлд сансрын аппаратаа газардуулсан анхны улс болсон билээ.


Aditya-L1” аппарат дээр суурилуулсан камераар есдүгээр сарын 4-ний өдөр авсан хоёр зургийг ISRO” пүрэв гаргийн өглөө дэлгэжээ. Тэдгээрийн нэгд Дэлхий, Сар хоёрыг нэг кадрт буулгасан байсан бөгөөд Дэлхий асар том, харин Сар маш жижиг хэмжээтэй харагдаж байлаа. Харин хоёр дахь зургийн хувьд, аппарат өөрт тээж яваа шинжлэх ухааны долоон хэрэгслийнхээ хоёрыг харуулсан “selfie” зураг байжээ.



Нарны аймаг дахь хамгийн том объектыг судлахын тулд сансарт байрлуулах гэж буй Энэтхэгийн анхны аппаратын нэр болох “Aditya” гэдэг үг нь хинди хэлээр “нар” гэсэн утгатай. Энэхүү аппарат нь Лагранжийн L1 цэгийг зорьж байгаа юм. Европын Сансрын агентлагийн мэдээлснээр, энэхүү цэг нь Нар, Дэлхий зэрэг хоёр том биетийн таталцлын хүч нь харилцан 0 болсноор сансрын хөлөгт хөөрөх боломжийг олгодог цэг юм. “Aditya-L1” энэхүү “зогсоол”-доо хүрмэгц Нарыг Дэлхийтэй ижил хурдаар тойрон эргэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хиймэл дагуулыг ажиллуулахын тулд маш бага түлш шаардагдана гэсэн үг.


Бямба гарагт хөөргөснөөс хойш “Aditya-L1” нь дэлхийг тойрон хоёр удаа маневр хийсэн байна. Улмаар Дэлхийг дахин гурван удаа тойроод L1 цэгийг зорих ажээ. Уг давуу байрлалаас аппарат Нарыг байнга харж, шинжлэх ухааны судалгаа хийх боломжтой болно. “ISRO” энэхүү хөтөлбөрийн зардлын талаар олон нийтэд зарлаагүй боловч Энэтхэгийн хэвлэлд 3.78 тэрбум рупигийн /46 сая ам.доллар/ зардал гарсан хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ