ДУНДГОВЬ: Дөрвөн аймгийн хүүхдүүд Говийн догшин ноён хутагтын бүтээлээр авьяас, чадвараа сорив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Нэрт соён гэгээрүүлэгч, говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзаравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулж “Говийн хүүхдүүд” урлагийн анхдугаар наадмыг Дундговь аймгийн "Сүм хөх бүрд" түүхийн дурсгал бүхий байгалийн үзэсгэлэнт газарт зохион байгууллаа.
Соёлын яам, Дундговь аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын хамтран зохион байгуулсан тус наадамд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 80 гаруй хүүхэд оролцож, бэсрэг уртын дуу болон чөлөөт сонголтоор найруулсан бүтээлээр тус бүр хамтлаг, гоцлол гэсэн 4 төрөлд Данзанравжаагийн 29 бүтээлээр авьяас билгээ сорьжээ.
Бэсрэг уртын дууны гоцлол төрөлд Дорноговь аймгаас оролцогч Г.Цэлмэг "Наран зул хул" бүтээлээр түрүүлж, Дундговь аймгаас оролцогч М.Цэрэнханд "Урьхан хонгор салхи", Говьсүмбэр аймгаас оролцогч Н.Лхагва-Эрдэнэ "Хурмаст тэнгэр" бүтээлээр удаалжээ.
Бэсрэг уртын дууны хамтлаг төрөлд
Говьсүмбэр аймгийн "Боржигон шуранхай" хамтлаг "Үлэмжийн чанар" бүтээлээр түрүүлж, Өмнөговь аймгийн "Говийн эгшиглэн" хамтлаг "Гөрөөс ээж", Дорноговь аймгийн "Эвийн эгшиг" хамтлаг "Шар талын цэцэг" бүтээлээр удаах байруудад шалгарсан.
Харин чөлөөт сонголтоор найруулсан бүтээлийн гоцлол төрөлд Өмнөговь аймгаас оролцогч Д.Мөнгөнбаатар "Ерөөл" бүтээлээр түрүүлж, Дорноговь аймгаас оролцогч Ө.Анударь "Үлэмжийн чанар" бүжгээр, Дундговь аймгаас оролцогч М.Чойжиддогмид "Алтан ар үр" магт дуу бүтээлээр удаалсан бол чөлөөт сонголтоор найруулсан бүтээлийн хамтлаг төрөлд Дундговь аймгийн "Угалз" хамтлаг "Ноён хутагтын сургаал" бүтээлээр түрүүлж, Дорноговь аймгийн "Говийн уянга" хамтлаг "Тэнгэрийн хутаг" бүжиг, Өмнөговь аймгийн Угсаатан хамтлаг "Аврал гурван чухаг" бүтээлээр тус тус шагналт байруудад шалгарчээ.








