Шэннон Коулин: Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад чиглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-11 08:54:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ)-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнг газар дээр нь үзэж танилцлаа. Энэ талаар тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин сэтгүүлчдэд ярилцлага өглөө.



-Төслүүдийн үйл явцтай газар дээр нь танилцаж, холбогдох албаны хүмүүс, орон нутгийн удирдлагуудтай уулзахад цаашид юун дээр анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна вэ?

-АХБ-наас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцах бидний ажил Хөвсгөл аймгаас эхэлсэн. Энэ нь миний хувьд Монгол Улс дахь суурин төлөөлөгч болсны дараах анхны томилолт байсанд их баяртай байна.

Томилолтын үеэр олж харах болов уу гэж бодож, хүлээж байсан зүйлүүдээ харлаа. Хөвсгөл аймагт дэд бүтцийн олон бүтээн байгуулалт өрнөж байна. Хог хаягдал устгах, бохир ус цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Хөвсгөл нуурын ойролцоо тавьж буй замын ажлын үйл явцыг харлаа.


Аялал жуулчлалыг хөгжүүлснээр орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгоход хувь нэмэр оруулж байна. Хэрэгжүүлж буй бүх төслийн гол цөмд иргэд болон байгаль орчин байсан нь олзуурхууштай. Мөн төслүүдээ Монгол орны онгон дагшин байгальд сөрөг нөлөө учруулахгүй байхуйцаар төлөвлөж, хэрэгжүүлж байгааг хараад маш их баярлалаа. Аливаа төслийн хувьд аймаг, орон нутгийн захиргааны дэмжлэг амин чухал. Энэ тал дээр маш сайн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Томилолтоор танилцсан төслүүдийн ажил хараахан дуусаагүй, бүрэн хэрэгжээгүй байна. Үүнийг  амжилттай дуусгахад орон нутгийн засаг захиргаа, Засгийн газарт бид дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарна.

-Та суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө Азийн хөгжлийн банканд ажиллаж байсан. Өмнө нь голчлон ямар чиглэлийн төслүүдэд ажиллаж байв?

-Би Азийн хөгжлийн банканд 10 орчим жил ажилласан. Одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө эрчим хүчний мэргэжилтнээр ажиллаж байлаа. Монгол орны тухайд нар, салхины, газрын гүний зэрэг цэвэр эрчим хүчний төслүүдэд хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж, эрчим хүчний шилжилтээ амжилттай хийхэд  нь шаардлагатай чиглэлээр хувь нэмэр оруулсан. Мөн өмнө нь Азийн хөгжлийн банкны Энэтхэг дэх суурин төлөөлөгчийн газар болон төв оффист нь ажиллаж байсан.

-Салбарын мэргэжилтэн хүний хувьд та Монгол Улс дахь эрчим хүчний шилжилт, шинэчлэлийн нөхцөл байдал, үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх томоохон алхмыг хэдийн эхлүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл” хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд нарны станц байгууллаа. Үүний нэгтэй нь Хөвсгөлд танилцаад ирсэн.

Монгол бол Азийн хөгжлийн банкны хамтарч ажилладаг гишүүн орнууд дундаас нүүрснээс ихээхэн хамааралтайд тооцогддог. Дотооддоо үйлдвэрлэдэг нийт эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас хангадаг.




Олон улсын түвшинд, олон улсын хамтын нийгэмлэг нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах зорилт дэвшүүлээд буй. Монгол Улс эрчим хүчний салбарт энэ зорилтыг хангах бүрэн боломжтой улс.


Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц хэмжээний нар, салхины эрчим  хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ашиглаж чадвал Хятад зэрэг хөрш орнууддаа эрчим хүч экспортлох, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоо ч байна.

Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаа буюу аукционы замаар нийлүүлдэг систем рүү шилжихэд нь хэд хэдэн оронд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагааг ил тод, өрсөлдөөний зарчмаар явуулснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Ингэж чадвал нарны болон салхины эх үүсвэрээс нийлүүлэх эрчим хүчний зардал нүүрсээр ажилладаг эх үүсвэр буюу цахилгаан станцынхаас буурах боломж бий.


Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг төвийн системд холбохын тулд систем өөрөө зохицуулалт хийх боломжтой байх ёстой. Та бүхэн саяхан эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөлтэй танилцсан. Үүнийг хэрэгжүүлснээр эрчим хүчний системийн чадамж, орон зайг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн бид усан цэнэгт цахилгаан станцын концепц буюу эх загвар зураг боловсруулах ажилд ЭХЯ-нд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр төслийн үр дүнд Монгол Улсын эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг холбох боломж бүрдэх юм.

-Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийгэм, эдийн засаг гээд олон салбарт олон төсөл хэрэгжүүлж байна. Эдгээрийн нийгэм, улс орны хэрэгцээ, шаардлагыг Монгол Улсын Засгийн газартай хамт гаргаж ирдэг үү?

-Бид аливаа улстай хамтран ажиллах түншлэлийн стратегиа тодорхойлохдоо тухайн орны тэргүүлэх зорилт, дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй нь уялдуулдаг. Монгол Улстай хамтарч ажиллах түншлэлийн стратегиа ч үүний дагуу тодорхойлдог юм. Аль салбарт ямар төслийг хэрхэн хэрэгжүүлэхээ түншлэлийн стратегидээ нарийвчлан тусгадаг.  Одоо хэрэгжүүлж байгаа түншлэлийн стратеги нь (2021-2024 оны) Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нягт уялдаатай.


Эдийн засгийн өсөлтийн үр шимийг бүх монголчууд тэгш хүртэх ийм боломжийг олгохын төлөө бид ажиллана.


Азийн хөгжлийн банк түншлэлийн стратегиа тодорхойлохоос гадна жил хэрэгжүүлэх төслүүдийнхээ жагсаалтыг гаргадаг. Хамгийн эхлээд салбарын яамд нь төслийн саналаа гаргадаг. Үүнийг нь Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамныхан хэлэлцээд, стратегийн түвшинд чухал ач холбогдолтой, тэргүүн ээлжид хэрэгжүүлэх шаардлагатайг нь сонгоно. Засгийн газар, яамдтай хамтраад хэрэгжүүлэх төслүүдээ ийнхүү тодорхойлсны дараа тус бүрт нь судалгаа, үнэлгээ хийдэг.

Ямар аргачлалаар хэрэгжүүлэх вэ, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх үү, инновацлаг шийдлүүдийг сонгох боломж байна уу гэдгийг нь авч үзнэ. Цаашлаад энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад, монголчуудад эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ гэдэгт дүн шинжилгээ хийнэ. Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежменттэй холбоотой дүн шинжилгээнүүдийг ч хийдэг.


Бид аливаа төслийг хэрэгжүүлэхийн өмнө нэг сая орчим ам.доллароор техникийн туслалцаа үзүүлж, бэлтгэл ажлыг нь хангадаг. Төсөл хэрэгжүүлэхдээ хоёр зүйлийг онцгойлон авч үздэг. Нэгдүгээрт, тухайн төсөл хэрэгжиж байгаа чиглэлдээ тохирсон байдлаар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх, хоёрдугаарт, жендерийн эрх тэгш байдлыг хангах буюу эмэгтэйчүүдийн хүртэх үр өгөөжийг харгалзах юм.


-Ямар чиглэлийн төслүүд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд хамрагддаг зааг ялгааг тодруулна уу?  

-АХБ буцалтгүй тусламжийг ихэнх тохиолдолд ямар нэг шинэ аргачлал, эсвэл Монгол Улсад ашиглаж туршигдаж байгаагүй технологийг туршиж үзэхэд үзүүлдэг. Эсвэл тухайн төслийг шинэ аргачлалаар зохион байгуулах юм уу хэрэгжүүлэхэд туршилтын журмаар ашигладаг. Ийм нөхцөл байдалд буцалтгүй тусламжийг туршилтын журмаар хэрэгжүүлээд түүнээс гарсан үр дүнгээ бид бусад төсөл хөтөлбөртөө ашиглах зорилт тавин ажилладаг.

Хөнгөлөлттэй зээл болон ердийн нөхцөлтэй зээлийн хувьд зээл, санхүүжилтийн ямар хэлбэрийг сонгох нь тухайн төслийн шинж чанараас хамаардаг. Хөнгөлөлттэй зээлийн тухайд бид гол төлөв нийгмийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд, эдийн засгийн үр өгөөж улс орны хэмжээнд маш их боловч санхүүгийн эргэн төлөлт хангагдаж чадахгүй төслүүдэд ашигладаг.

Жишээ нь, энд боловсролын болон эрүүл мэндийн төслүүдийг дурдаж болно. Хэдийгээр эдгээр салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд эдийн засгийн том өгөөж хүртэхгүй, санхүүгийн буцаан эргэн төлөлт байхгүй ч гэсэн эдийн засгийн ач холбогдолтой чухал хэрэгтэй төслүүдэд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг ашигладаг.

Ердийн нөхцөлтэй зээлийн хувьд энэ төрлийн зээлийн дийлэнх хэсэг нь арилжааны шинж чанартай, тухайлбал, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслийг төсөл хэрэгжүүлэхэд тарифаараа дамжуулан зээлийн эргэн төлөлтийг хангаж болохуйц төсөлд ашигладаг.


-АХБ Монгол Улсын Засгийн газар ямар төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээ Түншлэлийн стратегийн баримт бичигт тусгаад явдаг хэдий ч Монгол дахь Суурин төлөөлөгчийн хувьд ирэх жилүүдэд Та ямар бодлого, зарчим баримтлан ажиллах гэж байна?

-Миний хувьд хэрэгжиж дуусаагүй байгаа төсөл, хөтөлбөрүүдээ Стратегийн түншлэлийн хүрээнд 2024 онд, цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусгах явдал нэн чухал тэргүүний ажил болж байгаа. Хэрэгжүүлж дууссаны дараа төсөл, хөтөлбөрүүд дээрээ үнэлгээ хийнэ.


Монгол Улсад хэрэгжиж буй зарим төсөл, хөтөлбөр хугацаа алдаад явж байгаа. Дэлхий нийтийг хамарсан Ковидын цар тахлаас улбаатайгаар хил хаагдсантай холбоотой хугацаа хоцорсон нь бий. Мөн Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор зарим төслийн зардал төлөвлөж байснаас хэтэрсэн. Мөн хорио хязгаарлалтаас үүдсэн инфляцын хөөрөгдлийн нөлөө ч байна. Одоо хэрэгжиж буй Түншлэлийн стратеги дуусахаар бид дараагийн түншлэлээ тодорхойлох хэрэгтэй болно. Түншлэлийн шинэ стратегид бид анхаарч үзэх хэд хэдэн чиглэлийг тодорхойлоод байгаа. Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор эрчим хүчний шилжилтэд анхаарна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг бий болгон хөгжүүлэх явдал чухал болж байна.
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж Монгол Улс дэлхийн дундажтай харьцуулахад үүнд илүүтэй өртөж буй улсад орж байгаа. Энд малын бэлчээр илүү өртөж буй учир бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, ХАА-н салбарт ажиллаж байгаа малчид иргэд, ААН-үүд бэлчээрийг яаж хамгаалах гэдэгт анхаарч ажиллах шаардлага байгаа.
  • Түүнээс гадна эдийн засгийн цочролд гэнэт өртөхгүйгээр дархлаатай байх, даван туулах чадавхийг төр, засагт бий болгоход тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана. Эдийн засгийг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлж олшруулах, экспортын бааз суурийг өргөжүүлэх, үүнийг хэрэгжүүлэхдээ тогтвортой ХАА-г хөгжүүлэх замаар, мөн тогтвортой ХАА-н бүтээгдэхүүнийг бий болгох, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнтэй болох замаар хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжинэ. Төсвийн тогтвортой байдлыг хангахад анхаарна.
  • Эдгээр чиглэлээс гадна нийгмийн хувьд хүртээмжтэй байхыг чиглэлийн үйл ажиллагааг баримтална. Боловсрол, эрүүл мэндийн салбарт, ялангуяа, ядуурал ихтэй гэр хороололд боловсрол, эрүүл мэндийн байгууламжуудыг барьж байгуулж, бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төслүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг даван туулагч нарт дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг бүх монголчууд тэгш хүртэх ийм боломжийг олгохын төлөө бид ажиллана.

 

 

 

 

Холбоотой мэдээ