Д.Жаргалсайхан: ХХ зуунд зохиогдож дуулагдсан дуу XXI зуунд хэрхэн эгшиглэх нь сонирхолтой байх болов уу

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-11 21:47:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок попын "Чингис хаан" хамтлаг "XXI зуун" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд үзэгч олондоо толилуулахаар боллоо.


Тус хамтлаг "ХХ зуун" тоглолтоо Бөхийн өргөөнд 1999 онд гурван өдөр дараалан тоглосноос хойш 24 жилийн дараа ийнхүү тоглох гэж байна.

Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан 1989 онд Чингис хаан хамтлагийг байгуулснаар Монголын рок попын ууган хамтлаг бий болсон билээ. Тус хамтлаг “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж байсан юм. Тухайлбал, “Шилийн богд”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутагт давчдаад байна”, “Баяртай хуучин он минь баяртай”, “Нарлаг монгол орон” зэрэг дуу, мөн МУАЖ А.Долгор, МУГЖ С.Амармандах, МУГЖ Д.Отгонжаргал нартай хамтран “Эх орон”, Х.Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х.Лхагвасүрэн, дуучин Ч. Мишээл нартай хамтран “Дөрвөн цаг”, МУГЖ Т. Ариунаатай хамтра “Нэг л уучилъя” зэрэг дууг олны аманд аялагдаж, зүрхэнд хүрч, сэтгэлд хоногшуулсан юм.


“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан хэлэхдээ, "Чингис хаан нэрийн дор 30 гаруй жил уран бүтээлээ туурвиж ирлээ. Гаднын оронд ийм нэртэй хамтлаг дуучид байдаг ч гэлээ Монголын их гүрнийг дэлхийн сонорт хүргэсэн агуу их хааны тухай, бидний өнгөрсөн түүхийн тухай монголоос өөр хүн бүрэн дуулж чадахгүй болов уу. Тоглолтод Монголын рок попын үе үеийн авьяаслаг хөгжимчид, залууччууд маань ая дуугаа өргөнө. Бид ХХ-XXI зуун гэсэн хоёр зууныг дамжин амьдарч, ажиллаж, сурч, хөгжиж байгаа үнэхээр азтай үеийнхэн. ХХ зуунд зохиогдож дуулагдсан дуу XXI зуунд хэрхэн эгшиглэх нь хүмүүст сонирхолтой байх болов уу. Тоглолтод шинэ дуу гэхээсээ илүү хуучин, олны хүртээл болж чадсан дуунуудаа дуулах болно" хэмээв.


Энэ удаагийн тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж байна. Тоглолтод тус хамтлагийн хит болсон 35 дуу эгшиглэх юм.


Тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, С.Наран, Хар сарнай, Никитон, Guys, Киви хамтлаг зэрэг уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх аж.

Тоглолтын тасалбарыг ticket.mn-ээр захиалахаас гадна 1900-1950 захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн тасалбарыг Наадам центрийн зүүн талд Хос Дүнз, Нарантуул худалдааны төв, И-мартын бүх салбараар худалдаалах юм.


Энгийн тасалбарыг маргааш буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 12.00 цаг хүртэл 39 мянган төгрөгийн хямдралтай үнээр худалдах юм. Харин тус заасан цагаас есдүгээр сарын 16-ны 14.00 цаг хүртэл үндсэн үнэ болох 59 мянган төгрөгөөр борлуулна. Харин VIP тасалбар нь 450 мянган төгрөгийн үнэтэй аж.

Тасалбар авч чадаагүй хүмүүс тоглолтын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаас худалдаж авах боломжтой гэдгийг зохион байгуулагчид тодотгов.



Холбоотой мэдээ