ӨВӨРХАНГАЙ: “Солонго” төвд 16 хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-14 15:44:52

Хархорин /МОНЦАМЭ/. Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг “Солонго” хүүхдийн асран хамгаалах төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Нидерландын вант улсын Азийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас санхүүжүүлэн 2001 онд Улаанбаатар хотод таван асрамжийн төвийг байгуулж байсан бол 2013 онд баруун болон төвийн бүсийн аймгуудыг харьяалуулан Хархорин суманд “Солонго” төвийг байгуулжээ.


Эцэг, эх, асран халамжлах хүнгүй үлдсэн нэг ой, найман сартайгаас 18 хүртэлх насны хүүхдүүдийг сумын Засаг даргын захирамж, Хүүхэд хамгааллын багийн шийдвэрээр тус төвд хүлээн авч, гэр бүлийн орчинд өсгөн хүмүүжүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн салалт, хүчирхийлэл ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг ахлах багш Г.Уламдэлгэр хэлж байлаа.


Одоогоор “Солонго” төвд 16 хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж, өсөж төлөвшиж байна. Эцэг, эхийн хайр халамжийг хүсч ирж байгаа бяцхан хүүхдүүдэд тэр хайрыг дутаахгүйгээр өгөхийг хичээж, эрх дураар нь байлгаж, хичээл сургуульд нь онцгой анхаарч, үүний зэрэгцээ ажил хөдөлмөрт ч сургадаг болохоо Г.Уламдэлгэр багш хэлж байв.

Тийм ч учраас хашаандаа хүлэмжийн нарийн ногоо, хүнсний ногоо, чацарганы аж ахуйг эрхэлж, эрүүл, органик хүнсээр хоол тэжээлээ хангаж байна. Хүүхдүүд өөрсдийн нэрээр улаан лооль, өргөст хэмхийг тарьж ургуулж, нэгэндээ зааж зөвлөж байлаа. Мөн цэцгийн мандал, тоглоомын талбай зэргээр хашаагаа тохижуулж, цэвэр цэмцгэр, эмх журамтай орчин нөхцөлд олон хүүхэдтэй гэр бүл шиг энгийн сайхан амьдарч байна.  


Улаанбаатар хот дахь салбар таван төвийн нэг нь дан оюутан хүүхдүүдээс бүрддэг бөгөөд хүүхдүүдийг 18 нас хүрэхээр нь тус төв рүү шилжүүлж улмаар их, дээд сургуульд сургах, ажлын байртай болгох, гэр бүл болж тусдаа гарахад нь ч дэмжлэг үзүүлдэг, үргэлж эргэх холбоотой байдаг аж.


Энэ бүх зардал, санхүүжилтийг Нидерландын Азийн сангаас олгодог, мөн “Солонго” төвийн үйл ажиллагааг мэддэг монгол хүмүүс хувцас хунар, хичээлийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлдэг гэнэ.


Хүүхдэд хайртай, тэдэнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн хувь хүн, байгууллагад манай үүд хаалга нээлттэй хэмээн ахлах багш маань хэллээ. Гэхдээ дотоод журмаараа хүүхдийг бусдад үрчлүүлдэггүй бөгөөд аль болох эцэг, эхэд нь буцаан өгч, гэр бүлийг нэгтгэх нь төвийн зорилго юм.



Архины хамааралтай болсон, засан хүмүүжүүлэх газарт очсон эцэг, эхчүүд хүнд амьдралаас гарч, нөхцөл байдлаа сайжруулсны үндсэн дээр эргээд үр хүүхдээ авч элэг бүтэн амьдралаа эхлүүлдэг гэнэ.


“Солонго” төвд нэг ахлах багш, хоёр багш, нэг тогооч, нэг галч зэрэг таван боловсон хүчин ажиллаж, хүүхдийн гэрэлт ирээдүй, сайн сайхны төлөө хичээл зүтгэлээ зориулж байна.

 

Холбоотой мэдээ