“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-17 23:32:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадмын Улаан хивсний баяр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-т өнөөдөр боллоо.


Наадмыг нээж “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, МУАЖ С.Сарантуяа хэлэхдээ, “Энэ жил “Гэгээн Муза” академийн 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 20 жилийн хуудсыг сөхөн үзвэл бид мэргэжлийн уран бүтээлчдийнхээ оюун санаанд нийцсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. Гэвч үүнийг зөвхөн “Гэгээн Муза” академийнхан хийдэггүй. Үйл ажиллагаа, зорилго нэгтэй төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн. Үүний нэгэн тод илрэл нь өнөөдрийн “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байна” гэв.


Мөн энэ онд “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулж эхэлсний 20 жил, олон улсын наадам болж өргөжсөний 10 жилийн ой тохиож буй.

Наадмын үйл ажиллагаа өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж, 10 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монгол, Румын, Польш, Итали, Герман, Солонгос зэрэг 12 орноос драмын урлагийн чиглэлээр ажиллаж байгаа театр, продакшн, чөлөөт уран бүтээлчдийн 60 гаруй бүтээлийг хүлээн авч үзэн, шалгаруулж, II шатанд зургаан орны 23 уран бүтээл нэр дэвшин өрсөлджээ. Улмаар наадмын II шатны шалгаруулалтын тоглолтууд Драмын жүжгийн төрөл, Хүүхдийн жүжгийн төрөл, Хоёр хүний жүжгийн төрөл, Нэг хүний жүжгийн төрөлд үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа.



“Гэгээн Муза-17” наадмын Шилдэг залуу уран бүтээлчээр “Про” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфердо-ийн дүрээр жүжигчин О.Итгэл тодорлоо.

Тэрбээр, “Юуны өмнө намайг өсгөж, хүн болгосон ижийдээ талархлаа. Миний ээж СТӨ-д олон жил нярав хийсэн Д.Энхмаа гэж хүн байдаг. Ээжийнхээ олон жил ажилласан тайзнаас шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн их сургуулийн багш нартаа болон намайг төгсөж ирэхэд өлгийдөж авч байсан УДЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Сонгодог урлаг гэдэг бол агуу зүйл. Түүнийг хэрхэн Монголд нутагшуулж, үзэгчдэд зөв хүргэх нь бидний хамгийн том асуудал. Бид хичээж байна. Цаашид ч хичээх болно. Сонгодог уран бүтээлээрээ дагнаад юм хийе гэж бодож байна. Эрдэмтэн багш нар маань сонгодог урлагаа дагавал сайн гэж зөвлөж байгаа. Бидний дараагийн уран бүтээл Дон Жуан. Мөн энэ оны 12 дугаар сард Хүүхэлдэйн театрт “Щелкунчик”-ийг тавихаар төлөвлөсөн” гэв.

 

Хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг "Bee" театрын бүтээл "Хунгийн дуу” жүжгийн Светловидовын дүрээр шалгарсан П.Мөнхдэлгэр хүртэв. Тэрбээр, “СУИС-ийг жилийн өмнө төгсөөд хоёр найзтайгаа хамтран анх удаагаа энэхүү наадамд оролцон “Гэгээн Муза” шагналын эзэн болсондоо баяртай байна. Манай театр байгуулагдаад 3 жил болж буй залуухан театр бий. Манай театр “Гэгээн Муза-16” наадмаар “Хоёр хүний жүжгийн төрөл”-д “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг тайзны зураач” төрлөөр муза авч байсан. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Монголын болон олон улсын театрын мундаг найруулагч, жүжигчидтэй нэр дэвшин, өрсөлдөж байгаа нь  миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Горьдлого байсан хэдий ч Муза авна гэж бодсонгүй. Урд шөнө би Муза авч байна гэж зүүдэлсэн юм, зөнтэй зүүд байжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

Нэг хүний жүжгийн төрөлд “Галт шувуу” жүжгийн Сарангийн дүрээр МУСТА жүжигчин Б.Одгэрэл Шилдэг эмэгтэй гол дүрийн  шагнал хүртэв. Тэрбээр, “Нэг хүний жүжгийн төрөл бол тайзны бүхий л уран бүтээлчдийн хувьд хамгийн хүнд төрөл нь байдаг. Энэ төрөлд нэр дэвшсэн нь миний хувьд азтай зүйл байсан боловч “Гэгээн Муза”-гийн эзэн болсондоо маш их баяртай байна. Мөн энэ жилийн наадамд гэр бүлийн хүнтэйгээ нэр дэвшиж буйгаараа илүү онцлогтой. Түрүү жил “Bee”  театр маань сэтгэлзүйн хүчирхийллийн талаар нийгмийн хариуцлагын хүрээнд гурван моно жүжиг тавьсан. Миний хувьд “Нас бие гүйцсэн эмэгтэй хүн ба нийгэм, тэр тусмаа нөхрөөс нь ирж байгаа сэтгэлзүйн чимээгүй хүчирхийлэл” гэсэн сэдэв дор “Моно” жүжиг хийсэн. Сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөөгүй эмэгтэйчүүд гэж бараг байдаггүй юм байна билээ. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж дахин төрөх ёстой гэдэг сэдвээр “Галт шувуу” жүжиг анх хийгдсэн. Зохиолч Н.Болороо эгч маань надад зориулан энэхүү зохиолыг бичсэн. Амьдралдаа анх удаа хүнээс ийм гоё санал авсан учраас маш хариуцлагатай оролцсон” гэлээ.


"Гэгээн муза-17" олон улсын театрын наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Үндсэн жүжгийн ангилалд:


“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгээр найруулагч Б.Даваасүрэн

“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг тайзны зураач “Орфей” театрын бүтээл “Бүгд чамд хайртай” жүжгээр зураач О.Баярмагнай

“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг хөгжмийн зохиолч “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгээр хөгжмийн зохиолч Дахалэ Жамбалова

“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй гол дүр “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгийн Урсусын дүрээр жүжигчин Ц.Төмөрхуяг

“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй гол дүр “Орфей” театрын бүтээл “Бүгд чамд хайртай” жүжгийн Опал Кронкийн дүрээр жүжигчин О.Энхтуул

“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгийн Шу Фугийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр

“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгийн Хатагтай Ян-ы дүрээр жүжигчин Н.Сувд

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг зохиолч Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр зохиолч Г.Мишээл

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр зохиолч Г.Мишээл

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр зураач Б.Сайханбаяр

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй гол дүр Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр жүжигчин Б.Эрдэнэхүү

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй гол дүр УДЭТ-ын бүтээл “Миний аав супер баатар” жүжгийн Хүү шоргоолжны дүрээр жүжигчин Д.Асардарь

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий харын дүрээр жүжигчин Б.Золжаргал

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Миний аав супер баатар” жүжгийн Гэрэлт цохын дүрээр жүжигчин Г.Отгонцэцэг


Үндсэн жүжгийн ангилалд “Гранпри” цом, батламжийг УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” гротекс драмын жүжгээр хүртлээ.


Бэсрэг жүжгийн ангилалд:


“Хоёр хүний жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч Bee театрын бүтээл “Хунгийн дуу” жүжгээр найруулагч Б.Баттулга

“Хоёр хүний жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй жүжигчин Bee театрын бүтээл “Хунгийн дуу” жүжгийн Светловидовийн дүрээр жүжигчин П.Мөнхдэлгэр

“Хоёр хүний жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй жүжигчин Румын улсын Coquette театрын бүтээл “1001 шөнийн үлгэр” жүжгийн эмэгтэйн дүрээр жүжигчин Ruxandra Balasu

“Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” жүжгээр найруулагч Anna Dora Dorna

“Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг тайзны зураач Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” жүжгээр Anna Dora Dorna

“Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй жүжигчин Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” жүжгээр жүжигчин Nicola Pianzola

“Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй жүжигчин Bee театрын бүтээл “Галт шувуу” жүжгээр жүжигчин Б.Одгэрэл

Бэсрэг жүжгийн ангилалд “Гранпри” цом, батламж Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” нэг хүний жүжиг

Бусад:

Шүүгчдийн нэрэмжит цомын эзэн УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгийн Шэн Ти, Шуй Та-гийн дүрээр жүжигчин Т.Хулан

Шүүгчдийн нэрэмжит цомын эзэн Өвөрхангай аймгийн ХЖТ-ын бүтээл “Хамгийн том олз” жүжгийн зохиолч Н.Мандал

Шилдэг залуу уран бүтээлч УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгээр найруулагч Э.Ёндоншарав

Шилдэг залуу уран бүтээлч “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгийн Баркилфедрогийн дүрээр жүжигчин О.Итгэл

Хүндэт Муза

Зохиолч А.Шартолгой

Өвөрхангай аймгийн ХДТ-ын жүжигчин МУГЖ Д.Ганбаатар

“Гэгээн Муза” академийн нэрэмжит “Шинэ эрэл” шагнал

“Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын бүтээл

Хүүхэд оролцооны бүтээл

        Т.Амаржаргал

Р.Цэцэгбаяр






















Холбоотой мэдээ