ДОРНОГОВЬ: Ургамлыг гүн суулгаж тарих аргаар цөлжилтөөс сэргийлэх төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-18 09:46:16

Сайншанд /МОНЦАМЭ/. Япон Улсын Нийгата мужийн Гадаадтай технологийн талаар хамтран ажиллах нийгэмлэгийн санхүүжилтээр говийн нөхцөлд ургамлыг гүн суулгаж тарих аргаар говийн цөлөрхөг бүсийн хуурай хүйтэн газар нутгийг ургамалжуулах ажлыг дэмжих техникийн хамтын ажиллагаа төсөл Дорноговь аймагт хэрэгжиж байна.


Уг төслийн ахлагч Мэгүро Шюүжи тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эрдэмтэн судлаачдын баг Монгол талаас гурван хүний бүрэлдэхүүнтэй багийнхан аймгийн Засаг даргатай уулзаж төслийн үйл явцын талаар санал солилцжээ.


Дээрх төслийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх мод үржүүлгийн талбайд хэрэгжүүлж буй бөгөөд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлэхэд тус төслийн судалгааны ажлын үр дүн хамгийн чухал  гэдгийг албаныхан онцолсон аж.


Төсөл нь туршилт судалгааны ажлыг хийсний үндсэн дээр говь цөлийн унаган ургамлыг ургамалжуулах арга технологийг гаргах зорилготой бөгөөд говийн унаган ургамлуудаас урт үндэстэй тарьц бэлтгэн, газрын гүний усалгаагаар үндэсний системийн өсөлтийг судалж батлах, ус хэмнэх, гарын авлага гаргах, ургамалжуулалтын мэргэжилтэн бэлтгэх, ургамалжуулах сайжруулсан технологийг түгээн дэлгэрүүлэх  талаар соён гэгээрүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа хэмээн албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ