ХОВД: Дөргөний усан цахилгаан станц утаагүй цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэн нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-18 14:20:25

Жаргалант /МОНЦАМЭ/.  Дөргөний усан цахилгаан станцыг үүсгэн байгуулсны түүхт 15 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Тус станц нь жилд дунджаар 37-40 сая кВтц цахилгаан эрчим хүчийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д нийлүүлж байгаа.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 587 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Үүнээс 526 сая кВтц цахилгаан эрчим хүчийг “Баруун бүсийн эрчим хүчний систем”-д нийлүүлсэн байна.


Өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах, дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад тус байгууллага хувь нэмрээ оруулсаар байгаа. Өөрөөр хэлбэл, Дөргөний усан цахилгаан станц нь утаагүй цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэн нийлүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 470.4 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг багасгажээ.

Дөргөний усан цахилгаан станцыг үүсгэн байгуулсны түүхт 15 жилийн ойн баяр 9 дүгээр сарын 17-нд өргөн дэлгэр боллоо.   
Монгол Улсад хамгийн анхны жилийн 4 улирлын үйл ажиллагаатай усан цахилгаан станц байгуулан технологийг нутагшуулахад хүчин зүтгэл гаргаж ирсэн үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд болон станцын одоо ажиллаж буй хамт олон, хамтран ажиллагч байгууллага, Ховд аймгийн Дөргөн сумын иргэдийн төлөөлөл дээрх баярын үйл ажиллагаанд оролцлоо.


Дөргөний усан цахилгаан станцыг Ховд аймгийн Дөргөн сумын нутагт, Чоно харайхын гол дээр барьсан бөгөөд Ховд аймгийн төвөөс 114 км, Улаанбаатар хотоос 1450 км алслагдсан. 

Тус станцад
өдгөө 47 хүн ажиллаж байна. Станцын 15 жилийн ойн баярыг тохиолдуулан нэр бүхий инженер, техникийн ажилтнуудад харилцагч байгууллага болон салбарын шагнал гардууллаа.  

Холбоотой мэдээ