Хоригдож байсан америк, иран иргэдийг харилцан солилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. Хоригдож буй таван америк, таван
иран иргэдийг харилцан солилцох тохиролцоонд АНУ ба Ираны эрх баригчид хүрчээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд
Солонгост царцаагаад байсан
Ираны газрын тосны орлого болох 6 тэрбум ам.долларыг чөлөөлсөн байна.
Америкийн иргэд даваа гарагт суллагдсан бөгөөд тэднийг Катарт эрүүл мэндийн үзлэгт оруулсны дараа Вашингтон руу илгээжээ. Тэд бол бизнес эрхлэгчид,
байгаль орчны мэргэжилтэн, НҮБ-ын ажилтан юм. Ираны эрх баригчид тэднийг тагнуул
хийсэн хэргээр шоронд хорьж байсан
бол АНУ-ын албаны хүмүүс
тэднийг гэм буруугүй гэж мэдэгдсээр
иржээ.
Ерөнхийлөгч
асан Дональд Трамп 2018 онд Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргасны дараа царцаасан Ираны газрын тосны орлогыг Ж.Байден чөлөөлөхийг
зөвшөөрчээ. Иранчууд цөмийн хөтөлбөрөө цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд урвуулан ашигласан гэж Д.Трамп буруутгаж байв.
Ж.Байдены
засаг захиргааны албан тушаалтнуудын
мэдэгдсэнээр, уг мөнгийг хоол хүнс, эм тариа болон бусад хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнд зарцуулна хэмээн найдаж байгаа ажээ. Харин
Бүгд Найрамдах намынхны зүгээс, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхэд
тусалсан хэмээн эрх баригчдыг буруутгаж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, хоригдлуудыг солилцох нь Ирантай харилцах харилцаанд шинэ үе шат эхэллээ гэсэн үг биш гэдгийг дурдаад, гэсэн хэдий ч дипломат үйл ажиллагаа бол Техраны цөмийн хөтөлбөрийг тогтоон барих тогтвортой, үр нөлөөтэй арга гэдгийг онцолжээ.