ДУНДГОВЬ: "Цайны соёлын ертөнц" Хятадын соёлын өдрүүд болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотноо "Цайны соёлын ертөнц" Хятадын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 19-нд болж, цай үүссэн түүх, цайны соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэж, цайны хэрэгсэл, цай хэрхэн бэлтгэх тухай танилцуулга хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли ЯньЖюнь, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Худалдааны консул Улаанбагана, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нарын албаны хүмүүс, төрийн албан хаагчид, иргэд оролцжээ.
Энэхүү соёлын өдрүүд нь Дундговь аймгийн иргэдэд Хятадын
цайны соёлын талаар илүү гүнзгий ойлголт өгөх, цайны үүслийн нутгийн талаар мэдээлэл
түгээн цайны утга учир, ач тусыг таниулах
зорилготой ажээ.
Ерөнхий Консул Ли ЯньЖюнь нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Цай
бол дэлхийн эрүүл мэндийн 3 их ундааны нэг. Цайны соёл XVII зууны сүүлээр
үүссэн цайны замаас улбаатай. Дундговь аймаг энэхүү
цайны замын чухал зангилаанд багтдаг төдийгүй, Монгол, Орос, Хятадын эдийн
засгийн коридорын чухал байршилд оршдог нутаг. Тиймээс тус аймагт “Цайны соёлын
ертөнц” соёлын өдрүүдээ зохион байгуулж байна” хэмээв.
Энэ үеэр цайны хэрэгслийг танилцуулж, цай бэлтгэж үзүүлсэн нь оролцогчдын сонирхлыг татлаа. Цай нь хар цай, улун цай, цагаан цай, шар цай гэсэн төрлүүдтэй бөгөөд ногоон цай нь үндсэн сорт аж. Цайны соёлын 70 хувь нь цай уух байдаг бол 30 хувь нь гоо сайхны мэдрэмж авах явдал гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.
Өөрөөр хэлбэл цайны сав, шаазан аяга, өндөр аяга гэх мэт цайны иж бүрэн хэрэгсэл болон цайг бэлтгэхдээ цайны аягаа халаах, цайны навчийг сэрээж, аяганд цайны үнэрийг шингээх, цайгаа хандлан өндөр аяганд хийж, шаазан аягаар таглах, түүнийгээ хөмөрч, өндөр аяганаас шаазан аяганд цайгаа юүлэх гэх мэт дарааллаар бэлтгэж, түүнээс гоо зүйн таашаал авах нь цайны соёлын 30 хувийг эзэлдэг байна.
Тус үзэсгэлэн ГБХЗХТ-ийн танхимд 10 дугаар сарын 8 хүртэл үргэлжлэн гарах ба иргэдэд Хятадын цайны соёлыг танилцуулах ажээ.