Шинэ үүлдрийн торгоны хүр хорхойг гарган авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНШАНХАЙ. /Xinhua/. Хятадын биотехнологчид бүтэц, бат бөх байдал болон бусад физик шинж чанараараа аалзныхтай төстэй уургийн мяндас нэхдэг трансген үүлдрийн торгоны хүр хорхойг гарган авчээ. Ийм утаснуудыг нейлон болон бусад полимерээр хийсэн мэс заслын утас, загасны уурганы утсыг орлож чадах "ногоон" орлуулагч болгон хэрэглэх боломжтой гэж “Matter” сэтгүүлд гарсан судалгааны талаарх эрдэм шинжилгээний өгүүлэлд онцолсон байна.
“Аалзны шүлсээр нэхсэн торго бол хүн төрөлхтөн аль болох хурдан ашиглаж эхлэх ёстой стратегийн нөөц юм. Энэхүү судалгаагаар бид маш бат бөх мяндас гаргаж авсан нь энэ асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болно. Ялангуяа дэлхий даяар жил бүр хийдэг 300 сая гаруй мэс засалд материал болгон ашиглах боломжтой” гэж Шанхай хотын Дүнхүа их сургуулийн эрдэмтэн Ми Жюньпэн ярилаа.
Инженерүүд, химичид, физикчид байгалийн янз бүрийн материалын бүтцийг идэвхтэй судалж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь хөнгөн, бат бөх гэх мэт олон үзүүлэлтээр хүний бүтээсэн материалуудаас хамаагүй давуу чанартай байдаг. Жишээлбэл, аалзны шүлсээр нэхсэн торго нь гангаас хэд дахин бат бөх, хөнгөхөн, суналтад тэсвэртэй байдаг.
Тэгвэл Ми Жюньпэн ахлагчтай судлаачид бүтэц, шинж чанараараа торгоны аалзны шүлстэй ижил шүлсээр үүрээ нэхдэг торгоны эрвээхэйн трансген үүлдрийг анх удаа гарган авчээ. Хятадын биотехнологичид үүнийг гарган авахын тулд торго нэхэхэд ордог гол бүтэц болох “MiSp” уургийн ялгарлыг кодолдог генийг "CRISPR/Cas9" аргыг /Нобелийн шагнал хүртсэн/ ашиглан өөрчилсөн байна.
Энэхүү пептид нь Хятадын судлаачдын олж илрүүлснээр аалзны шүлсээр нэхсэн торгоноос хамаагүй хөнгөн жинтэй, үндсэндээ өөр бүтэцтэй байсан тул ердийн хүр хорхойн торгоноос чанарын хувьд хэд дахин илүү байжээ. Эрдэмтэд "CRISPR/Cas9" аргыг ашиглан MiSp-ийг кодолдог эрвээхэйн генийн гол хэсгийг устгаж, аалзны ДНХ-ийн ижил төстэй хэсгээр сольсон аж.
Биотехнологичид, эрдэмтэд өмнө нь ийм “шилжүүлэг” хийхийг оролдож байсан боловч оролдлогууд бүтэлгүйтжээ. Учир нь MiSp-ийн аалзны хувилбар нь эрвээхэйн хүр хорхой шүлсний булчирхайн үйл ажиллагааг хариуцдаг уурагтай буруу үйлчлэлд орж байсан байна. Харин Ми Жюньпэн болон түүний багийнхан энэ дутагдлыг харгалзан үзээд шүлсний булчирхайн генд оруулахын өмнө “MiSp”-ийн аалзны хувилбарт өөрчлөлт оруулж, торго нь ердийнхөөс хоёр дахин их суналттай бат бөх, суналт болон бусад механик ачаалалд илүү тэсвэртэй шүлстэй трансген үүлдрийг гаргаж авчээ.
Түүгээр ч барахгүй тэдний боловсруулсан арга нь байгальд байдаггүй хиймэл амин хүчил болон бусад молекулуудыг агуулах бусад трансген үүлдрийн хүр хорхойг гарган авах боломжийг олгоно хэмээн эрдэмтэд үзэж байна.