Сонор сэрэмжтэй байхыг Канадад байгаа энэтхэгчүүдэд анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-21 16:40:07

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Канад руу зорчиж байгаа болон тэнд амьдарч буй иргэддээ хандан дээд зэргийн анхаарал болгоомжтой байхыг Энэтхэгийн эрх баригчид уриалжээ. Канад, Энэтхэг улсууд дипломатчдаа харилцан нутаг буцааснаар ээдрээтэй нөхцөл байдал үүссэнээс хойш нэг хоногийн дараа уг зөвлөмжийг гаргажээ. 


Сикх үндэстний салан тусгаарлагчдын удирдагчийн амийг хөнөөсөн хэрэгт Энэтхэг улс холбоотой гэх “үнэмшил төрүүлэхүйц” мэдээллийг шалгаж байгаагаа Канадын тал саяхан мэдэгдсэн билээ. Харин Энэтхэгийн зүгээс үүнийг эрс няцааж, “учир утгагүй зүйл” хэмээн мэдэгдсэн байна.


Шинжээчдийн хувьд, олон сарын турш хурцадсаар байгаа хоёр орны харилцаа одоо урьд хожид үзэгдээгүй доод түвшинд хүртлээ муудсан хэмээн үзэж байна. Лхагва гарагт Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдсэнээр бол “Канад улсад Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаа, улс төрийн үүднээс зөвшөөрсөн үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэрэг, хүчирхийлэл өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх зөвлөмжийг гаргасан" ажээ.


Энэтхэгийн засгийн газар барууны орнууд дахь сикх салан тусгаарлагчдын дэмжлэгийг хүлээж буй Халистан хөдөлгөөнөөс тавьж буй шаардлагуудыг эрс няцаасаар иржээ. Тус хөдөлгөөн 1980-аад онд Энэтхэгт хүчээ авч, сикхүүд олонх болсон Пенжаб мужид бослого гарч байжээ. Бослогыг хүчээр дарсан бөгөөд өдгөө Энэтхэгт сикхүүдийн нөлөө багассан бол эсрэгээр Канад, Австрали, Их Британи зэрэг орнуудад нөлөө нь улам нэмэгдсэн байна. 


Сикх үндэстнүүд Канадад хамгийн олноороо оршин суудаг бөгөөд Халистаныг дэмжсэн хэд хэдэн жагсаал болж байв. Энэ оны зургаадугаар сард Энэтхэг улс Канад дахь дипломат ажилтнуудынхаа аюулгүй байдлын асуудлаар “албан ёсоор гомдол мэдүүлсэн тухай олон улсын хэвлэлүүдэд бичиж байлаа.


Холбоотой мэдээ