ТӨВ: “Номын хур-2023” чуулган энэ сарын 30-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-22 11:08:14

Зуунмод /МОНЦАМЭ/. Үндэсний номын баярыг тохиолдуулан “Төв аймгийн залуус ТББ”-аас “Номын хур-2023” чуулганыг энэ сарын 30-ны 12.00 цагт Төв аймгийн Нийтийн номын санд зохион байгуулна.

 

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн ЗДТГ, "Төв аймгийн залуус" ТББ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэхүү ажлыг зохион явуулдаг.

 

Энэхүү ажил нь аймгийнхаа хүүхэд, залуусын оюуны хөгжлийг дэмжих, ном уншихын ашиг тусыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, эх хэлнийхээ яруу сайхныг мэдрэн, утга уран зохиолд дурлах, сурах, судлах үйлд уриалах зорилготой аж.

 

Тус чуулганыг Төв нутгаас төрсөн эрхэм хүмүүнтэй уулзан, үнэт сургаалыг нь сонсож, бусдыг номд шимтэхэд уриалсан бүтээлч хүмүүстэй уулзах зарчмаар зохион байгуулдаг бөгөөд анх 2019 онд хийж байжээ.


Анхны чуулганаараа Ардын уран зохиолч П.Бадарч тэргүүтэй илтгэгч нар оролцож, өөрийн уран бүтээлийн дээж номыг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаж, аймгийн Нийтийн номын сангаас "Соёмбо принтинг" ХХК-тай хамтран шинээр хэвлэгдэн гарсан хамгийн шилдэг номуудыг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдсан нь онцлог бөгөөд шинэлэг байсан билээ. 

Холбоотой мэдээ