Э.Дэлгэрмаа ДАШТ-ээс мөнгөн медаль зүүлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бусе Тосунтай барилдаж 4:3 оноогоор хожиж явсан ч хармсалтайгаар цэвэр ялагдлаа.
"Белград-2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Азийн аваргын нэг мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, олимпын хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Казахстаны Елена Шалыгинаг даралтаар, ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Францын Коумба Ларрокийг 2:1 оноогоор, АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед цэвэр даралтаар тус тус ялж финалд шалгараад байсан.
Ингэснээр Э. Дэлгэрмаагийн хувьд залуучууд, U23, насанд хүрэгчид
гэх 3 насны ангилалд дэлхийн медальтан тамирчин болж байна.
Сонирхуулахад, тэрбээр 2018 оны 9 дүгээр
сарын 22-ны энэ өдөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж
байсан бол,
өнөөдөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөн мөнгөн медаль хүртлээ.